“ХӨТӨЛ” БЕТОН ДЭРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг “УБТЗ” ХНН-ийн Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн сарын 20-нд танилцлаа.

 

Тус үйлдвэр нь 1997 онд ашиглалтад орсон. Жилдээ 180 мянган ширхэг төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийтдээ 150 гаруй ажиллагсадтай, үндсэн 6 цех нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Хөтөлийн бетон дэрний үйлдвэр нь анх БНХАУ-ын технологи стандартаар “FZ” маягийн бетон дэр үйлдвэрлэж байсан бол 2006 оноос ОХУ-ын ША-05 маягийн “АРС” бэхэлгээт бетон дэрний илүү дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. 

 

Энэ онд 105 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөс эхний хагаст 50 мянгын үйлдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн Тулагч мөрийн хэсэгтээ 170 кн, голдоо 110 кн ачаалал даах чадвартай, 40-50 жил ашиглагдах боломжтой төмөр бетон дэр, М150-М600 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэж байна. Мөн бетон дэрнээс гадна гүүр хоолойн хийцүүд, барилгын суурь бетон, замын боржур зэрэг 20-иод төрлийн бетон хийцийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлж буй талаар болон тулгамдаж буй асуудлуудаа салбар яамны удирдлагуудад танилцуулсан юм.

 

Тус үйлдвэрийн удирдлага, 150 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  Мөн уулзалтад “УБТЗ” ХНН-ийн замын дарга Д.Жигжиднямаа, алба, хэлтэс, байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагууд оролцлоо.

 

Салбарын сайд уулзалтын хүрээнд “Хөтөлийн бетон дэрний үйлдвэр” нарийн царигийн бетон дэр үйлдвэрлэх боломжийг судалж, арга хэмжээ авч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн байна.

 

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-07-04 08:25:56
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.