ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Энэ хэлэлцээрээр тарифийн хөнгөлөлтийг 25 жил тогтвортой барихаар тусгасан

 

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнэ  болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар өнөөдөр /2018.06.08/  Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн үйл явдлын дараа ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэзээнээс ажил хэрэг болж хэрэгжиж эхлэх вэ?

-Эдийн засаг өсөхийн хэрээр бидэнд зах зээлээ тэлэх шаардлага гарч ирж байгаа. Тиймээс бид зөвхөн урагшаа гэлтгүй хойд хөрш рүүгээ, цаашлаад Европ руу гарах гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд бид есөн жилийн хугацаанд ярилцсан гэрээндээ гарын үсэг зурлаа. ОХУ-аар дамжаад Владивостокоор далайд гарах, цаашаа Европ руу гарах гарцтай болох боломжтой. ОХУ-аар дамжин өнгөрөх гол магистрал замууд дээр хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм. Тэр дундаа тарифын хөнгөлөлтийг бидэнд үзүүлж, хамтарч ажиллах боломжтой болж байна. Төмөр зам бол хоёр улсын өмчлөлтэй хамтарсан компани. Тэр утгаараа энэ гэрээ маш их ач холбогдолтой.

-Монголын нүүрсний экспортод энэ гэрээ ямар нөлөө үзүүлэх вэ?

-Тарифын хэлэлцээрийн дагуу олон улсын хэмжээнд нэгдсэн тариф гэж бий. Хоёр улс болон нэгдсэн тарифын системд орсон орнуудад тогтсон зүйл. Үүнээс 40 орчим хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэсэн яриа хэлэлцээр хийсэн. Гэхдээ ямар төрлийн ачаа, хаашаа явах вэ гэдгээс шалтгаалж тарифын хөнгөлөлтийг улам тодорхой болгох шаардлагатай. Ямар ч л байсан бидний нэн тэргүүнд барьж байгаа зарчим далайд гарах гарцаа өргөжүүлэх, нэмэгдүүлэх. Урагшаа, хойшоо гарах гарц ижил хэмжээнд, өрсөлдөхүйц байна гэсэн хамгийн гол зарчмыг барьж байгаа.

-Тавантолгойн төсөлд Оросын талаас  ямар нэг сонирхол илэрхийлэв үү?

-Нүүрсний тээврийг Оросын талаас нэлээд сонирхож байгаагаа илэрхийлсэн. Бидний сая ярьсан нэг зүйл бол хойд төмөр зам. Кизыл орчмын төмөр замаар Тавантолгойн нүүрсийг Европ руу гаргах гарцын талаар нэлээд ярьсан. Хар далайгаар дамжаад Европ руу гарах бололцоог нээх боломж бүрдлээ гэж ойлгож болно.

-Автозамын салбарт хамтарч ажиллах талаар ярилцсан байх?

-Азийн автозамын сүлжээнд АН3 гэдэг замаар холбогдож байгаа. Энэ бол Улаан-Үдээс Тэнжин хүртэлх автозам шүү дээ. Бид олон улсын Автозамын холбооны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэ замаа өргөжүүлэх, дэлхийн стандартад нийцсэн зам барихад хамтарч ажиллахаар Оросын талтай ярилцлаа. АН3 замыг сайжруулж, хурдны зам болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-06-11 12:04:48

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.