Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Зам тээврийн хөгжлийн яамнаас “Автотээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулав.

 

Автотээврийн тухай хууль нь анх 1999 оны 6 дугаар сарын 04-ны өдөр батлагдан 16 удаа нэмэлт өөрчлөлт оруулж мөрдөж байгаа юм. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг  2016 оны 11 дүгээр сард Хууль зүйн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтаран баталсан юм. Тус үзэл баримтлал нь Автотээврийн тухай хуулийг шинээр боловсруулах болсон үндэслэл, шаардлага, үе шат; Хуулийн зохицуулах зүйл, бүтэц, үйлчлэх хүрээ ; Үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актуудтай хэрхэн уялдах гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна.

 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд авто тээврийн салбарыг үр ашигтай хөгжүүлэх, аж ахуйн нэгж  болон иргэд авто тээврийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зэрэг бодлогын хүрээнд хэд хэдэн заалтууд тусгагдсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зааж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Авто тээврийн зохицуулах хороог шинээр байгуулахаар шинэчилсэн найруулгад тусгажээ.

 

“Автотээврийн тухай хууль”-аас гадна  Автотээврийн тухай төрөөс хэрэгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөө гэсэн баримтуудыг шинээр боловсруулж байгаа ажээ. 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-03-16 09:09:04
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.