Улаанбаатар – Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ

Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2019-04-09 19:30:34

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.