Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам барих төсөл


Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан ба Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг юм. Тус авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
 

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь 7 метрийн өргөн 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3 дугаар зэрэглэлийн авто зам болох юм.
 

Тус авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК шалгарч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийт 56,785,696.10 ам.долларын ажил гүйцэтгэх гэрээг тус яамтай байгуулсан. Зураг зохиогч авто замын трассын улаан шугамыг гүйцэтгэгч болон зөвлөхөд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд гүйцэтгэгч компани 2016 онд авто замын барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд нүүлгэн шилжүүлэлт, кэмп байгуулах, хэмжилтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
 

2017 онд барилгын ажилд шаардлагатай гадаадаас авах 280 ажиллах хүчний асуудлыг Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлсэн. Батлагдсан график төлөвлөгөөний дагуу 2017 оны барилга угсралтын ажлыг 05 сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд газар шорооны буюу хөрс хуулалт, далангийн ажил хийгдэж байна. Ажлын явц 2%-тай байна.


Төслийн нийт өртөг: 59.79 сая ам.доллар (барилгын ажил 56.79 сая ам.доллар, хяналтын зөвлөхийн зардал 3.00 сая ам.доллар)

 




 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-06-11 09:11:27
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.