ТӨСЛИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлаж байна.

 

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, төслийн явцын гүйцэтгэл, үр дүнг хариуцах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төслийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг хангах;

- эрх бүхий этгээдээс баталсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих;

- зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм, журмын дагуу хөтлөх;

- төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тайлагнах;

- төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасны дагуу гүйцэтгэх;

- нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх;

- зөвлөх болон гүйцэтгэгчийн ажлын явцын тайланг дүгнэх, үйл ажиллагааны тайлан мэдээллийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад хүргүүлэх;

- төслийн нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон урамшуулах, хариуцлага тооцуулах талаар санал боловсруулах зэрэг болон үүгээр хязгаарлагдахгүй.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- иргэний нисэх болон эдийн засаг, удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй байх;

- иргэний нисэхийн салбарт ажилласан туршлагатай байх;

- англи, япон, монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;

- төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааг хамтран ажиллагч талуудтай уялдуулан ажиллах харилцааны өндөр ур чадвартай байх;

- комьютерийн мэдлэгтэй байх /Word, Excel, …etc./, интернетийн орчинд ажиллах чадвартай байх.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэний материалыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00-12:30, 14:00-16:30 цагийн хооронд Зам, тээврийн хөгжлийн яамны 307 тоотод хүлээн авах ба дор дурдсан бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж, биечлэн ирж бүртгүүлнэ.

- Өргөдөл;

- Анкет;

- Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;

- Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

 

Сонгон шалгаруулалтыг баталсан удирдамжийн дагуу зохион байгуулах буюу өргөдөл гаргагчийн анкет, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагатай харьцуулах замаар эхний шалгаруулалтыг явуулж, улмаар тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан 2-оос доошгүй өргөдөл гаргагчтай ярилцлага хийх замаар шалгаруулалтыг зохион байгуулна.

 

Сонгон шалгаруулалтын комиссын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

Холбоо барих утас: 62263178


Мэдээ нийтлэгдсэн: 2017-09-08 09:39:30
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.