ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗҮЙЛ

Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

Нэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу:

11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

11.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

11.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

11.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

11.1.5.тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

11.1.6.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

Хоёр. Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу:

16.2.Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

16.2.1.техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл;

16.2.2.эзэмшилдээ байгаа төмөр замын объект, үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.

16.3.Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа энэ хуулийн 16.2-т зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

16.3.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

16.3.2.хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

16.3.3.үйл ажиллагаа эхлэх хугацаа, эзэмшилд байх газрын зааг.

Гурав. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн Улсын тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3 дугаар заалт, 42 дугаар зүйлийн 42.4 дүгээр хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2011.06.29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон болно:

1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход – 5’000’000 төгрөг,

2. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах тусгай зөвшөөрөл олгоход – 5’000’000 төгрөг,

3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход - 16’000’000 төгрөг.

Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Батнасан, Утас 21-243401.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-19 08:45:00

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.