ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТА-9137 MON ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Дэлхий дахинд зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн гэмтэж байгаа нь нас баралтын 3 дахь шалтгаан болох төлөвтэй гэж үзэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгохоор зарласан.

Монгол Улс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 1993-2008 онуудад 3 удаа батлан, үйл ажиллагааны төлөвлөгөөг 95-98 хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн боловч замын хөдөлгөөний аюулгүй байдал төдийлөн сайжраагүй.

НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу зам тээврийн ослоос үүдэлтэй үхэл болон хүнд гэмтэх явдлыг 50 хувиар бууруулах зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжин 2012 онд 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги”-ийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны байдлаар  төлөвлөгөөний биелэлт 72 хувьтай байна.

Зам тээврийн осол нь урьдчилан сэргийлэх боломжтой, осол гарахад нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл нь тодорхой асуудал тул өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэж байгаа зам орчин, тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцогчдод чигэлсэн арга хэмжээг цогцоор нь авч үзэх нь чухал юм.

Олон улсын хөгжлийн чиг хандлага, үүсч буй шинэ нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” Техникийн туслалцаа /ТТ/-ны төслийг Азийн хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд 2017 оноос хойш хэрэгжүүлж байна.

Уг /ТА 9137-МОН/ төслийн санхүүжилтээр Дани, Швед Улсууд болон Монгол улсын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном”-ыг мөн боловсруулаад байна.

Төслийн хүрээнд зам тээврийн ослын газрын үзлэг хийх, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг иж бүрэн тодорхойлох өндөр хөгжилтэй улсуудад ашиглаж байгаа программ хангамжийг нэвтрүүлэн,100 мянган ам.доллорын үнэ бүхий тоног төхөөрөмжийн хамт тээврийн цагдаагийн газарт хүлээлгэж өглөө. Мөн төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн 95 эмч нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 210 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих 27 пост барьж байгуулахад 563,2 төгрөгийн санхүүжилтээр хурд, согтуурал хэмжих багаж, байрны тоног төхөөрөмж, тавилгын хамт хүлээлгэн өгөв. Зам тээврийн осол ихээр гардаг хар цэгийн ойролцоо осолд өртсөн иргэдэд эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй, зөв үзүүлэх зорилгоор Дархан- Улаанбаатарын замд Урьхан 1 дээр эмнэлгийн анхны тусламжийн булан байгуулж оршин суугчдад 1 өдрийн сургалтыг тус тус зохион байгуулаад байна.  

Зөвлөх багаас цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер  төлөвлөгөө, “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмжийг ирүүлээд байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-12-17 21:11:24

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.