“Богдхан” төмөр замын төслийн мэдээ

“БОГДХАН” ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ

“Богдхан” төмөр замын шугам нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.

Богдхан төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааны ажил 2010 онд хийгдсэн бөгөөд уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.

Мөн Богдхан төмөр замын төслийг “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5800-6000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм.

“Богдхан” төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан.

            2014 онд Зам, тээврийн яам /хуучин нэрээр/, Оросын Холбооны Улсын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т төмөр замын төв чиглэлд Мандал-Багахангай чиглэлийн 170 км төмөр замыг барьж байгуулах арга хэмжээг авч ажиллахаар тусгасан байдаг.

Мөн онд Зам, тээврийн яам /хуучин нэрээр/, Азийн хөгжлийн банк хооронд “Богдхан” төмөр замын төслийн талаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тус баримт бичгийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар “Мандал-Багахангай” чиглэлийн төмөр замын чигийн судалгааны ажлыг “Ай Си Ти Интернэшнл” ХХК тэргүүтэй түншлэл 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үндсэн дээр гүйцэтгэж, эцсийн тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗТХЯ-нд хүлээлгэж өгөөд байна.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн баримтлах бодлого”-ын 3.3.1.2-т заагдсан “УБТЗ” ХНН-т техникийн шинэчлэл хийх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах ажлыг Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын 2016 онд байгуулсан Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт “Төмөр замын төв коридор буюу “УБТЗ” ХНН-ийн гол замыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам болон цахилгаанжуулалтыг байгуулах” гэж тусгасан байдаг. Мөн ОХУ-ын Москва хотноо 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаарх гурван талын экспертүүдийн уулзалтаар талууд тус төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад тусгаж, уг төслийг Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талаар санал нэгдсэний үндсэн дээр тус төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-26 15:11:11

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.