“БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ”-ИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын нийт урт нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын хилийн боомт хүртэл 743.1км бөгөөд энэхүү корридор нь Монгол Улсыг баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймгаар БНХАУ-ын Шинжаань бүс, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4”a” чиглэлийн нэг хэсэг юм. Энэхүү корридорыг Монгол Улсын болон Азийн авто замын төлөвлөлтийн стандартыг хангахуйц асфальтбетон хучилттай авто замаар бүрэн холбосноор Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, дотоодын зах зээлийг дэмжиж, улмаар дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол Улсын тээврийн стратегийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.     

 

Энэ зорилгоор Монгол Улсын Засгийн Газар нь гадаадын санхүүжилтээр авто замын барилгын ажлыг үе шаттай барьж ирсэн ба тухайлбал: Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаар Багц 1: Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8км, Багц 2: Бага Улаан даваа-Манхан сум чиглэлийн 103.3км, нийт 214.1км асфальтбетон хучилттай авто замыг шинээр барьж 2015 онд ашиглалтад оруулсан.

 

Ашиглалтад орсон авто зам нь Монгол Алтайн нурууг давж Бодончын хавцлаар 68км дайран өнгөрч байгаа ба үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлт ихтэй, зарим хэсэгт хадан хясаа, голоор хавчигдмал 20-80м нарийн хэсэгт баригдсан. 

 

Эдгээрээс гадна, хад чулууны нуралтаас хамгаалсан торон хана, хэд хэдэн уулзвар замууд, нийт 4 хэсэгт амрах болон автомашины зогсоол баригдаж, мөн STA 18+640~18+890 хэсэгт 250м урт мөсний хамгаалалтын бетон хана, STA 25+310~25+480 хэсэгт 170м урт үерийн хамгаалалтын бетон хана, 4000м гаруй хажуугийн бетон шуудуу зэргийг барилгын ажлын хүрээнд хийсэн.   

 

Огцом эргэлт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэргээс шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийт 501 анхааруулах тэмдэг, 23 зохицуулах тэмдэг, 188 мэдээлэх тэмдэг, хөдөлгөөний орчинг харуулах толь зэргийг замын дагууд суурилуулсан.

 

Түүнчлэн, тус бүр нь 30-120м урттай, нийт  720м эргэлттэй, шулуун хүчитгэсэн төмөр бетон гүүрийг ажлын зураг, техникийн шаардлагын дагуу олон улсын болон дотоодын зөвлөхийн хяналтан дор барьж дуусгасан.  Эдгээр авто зам нь Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын техникийн III ангилал, Азийн авто замын техникийн II ангилалын шаардлага, төлөвлөлтийн хурд, хэвтээ болон босоо төлөвлөлт, олон улсын хөдөлгөөний аюулгүй байдал, амрах талбай, автомашины зогсоолын шаардлагыг хангасан үргэлжилсэн хад, уулархаг газарт баригдсан анхны авто зам болсон.

 

Авто замын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда Констракшн” компани, хяналтын зөвлөхөөр БНСУ-ын Кореа Консалтант Интернейшнль компани ажилласан.

 

Мөн, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлээр Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60км, Ховд-Манхан чиглэлийн 85.3км, бүгд 145.3км асфальтбетон хучилттай авто замыг БНХАУ-ын Гүйцэтгэгч “Чайна Гезоуба Групп” компани барьж 2014 онд ашиглалтад оруулсан.

 

Одоогийн байдлаар, Баруун бүсийн босоо тэнхлэгийн дагууд баригдаагүй үлдэж буй дараах авто замын барилгын ажил явагдаж байна. Үүнд:

• Багц CW1-1: Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50км,

• Багц CW1-2: Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 53.9км,

• Багц CW1-3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км, нийт 189.7км авто замын барилгын ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар Зам, тээврийн хөгжлийн яам нь БНХАУ-ын “Чайна Хуаши Интерпрайзиз“ компани, “Эйч Кэ Би Интернейшнль, Шинжианг авто зам, гүүрийн компани”-тай 2015 оны 8-р сард тус тус гэрээ байгуулсан.

 

Багц CW1-1 гэрээт барилгын ажлын гүйцэтгэл 40.88%-тай, Багц CW1-2-ийн ажлын гүйцэтгэл 41.33%-тай,  Багц CW1-3-ийн ажлын гүйцэтгэл 17.19%-тай байна.

 

2016 онд барилгын талбай дээр нийт 387 инженер, техникийн ажилчид /ИТА/, үүнээс “Чайна Хуаши Интерпрайзиз“ компанийн талбай дээр 186 гадаадын, 105 дотоодын, нийт 291 ИТА, ”Эйч Кэ Би Интернейшнль, Шинжианг авто зам, гүүрийн компани”-ийн талбай дээр 80 гадаадын, 16 дотоодын, нийт 96 ИТА ажилласан.

 

2017 онд барилгын талбай дээр “Чайна Хуаши Интерпрайзиз“ компанийн талбай дээр 266 гадаадын, 282 дотоодын, нийт 548 ИТА, ”Эйч Кэ Би Интернейшнль, Шинжианг авто зам, гүүрийн компани”-ийн талбай дээр 224 гадаадын, 26 дотоодын, нийт 250 ИТА ажиллаж байна.

 

Түүнчлэн, 283 техник, тоног төхөөрөмж “Чайна Хуаши Интерпрайзиз“ компанийн талбай дээр, 120 техник, тоног төхөөрөмж “Эйч Кэ Би Интернейшнль, Шинжианг авто зам, гүүрийн компани”-ийн барилгын талбай дээр ажиллаж байна.

 

Шинээр гэрээ байгуулсан  189.7 км авто замын барилгын ажлыг гэрээний дагуу 2018 оны 8-р сарын 31-ний өдөр дуусгах ба ингэснээр баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам нь бүхэлдээ асфальтбетон хучилттай болж, орон нутгийн болоод олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэвтрүүлэх бүрэн боломжтой болно.

 

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлээр авто замыг бүхэлд нь барьснаар (i) 2015 он гэхэд авто замаар явах хөдөлгөөний дундаж хурд 40км/цагт-аас 80 км/цагт болж нэмэгдэх, (ii) Ярантын хилийн боомтоос Улаанбайшинтын хилийн боомт хүртэлхи зорчих хугацаа 8-10 цагаар багасах, (iii) Ярант болон Улаанбайшинтын хилийн боомт дахь ачаа, зорчигчийн хил, гаалиар нэвтрэх хугацаа 5 цагаар багасах, (iv) 2010-2015 онд Ярант болон Улаанбайшинтын хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөний эрчим жилд ойролцоогоор 15%-иар тус тус нэмэгдэхээр тооцогдсон.

 

Төслийн эргэн төлөгдөх эдийн засгийн дотоодын өгөөжийн хувь хэмжээ 16.25 хувийн ашигтай байна. 

 

 
 
Төслийн хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 
Сити тауэр, 1201 тоот
Утас: 70120107
Факс:70120107

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-09-06 10:13:57
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.