БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ

“БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Огноо:2018.12.06

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын хилийн боомт хүртэл 743.1км урттай бөгөөд энэхүү корридор нь Монгол Улсыг баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймгаар БНХАУ-ын Шинжааны бүс, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4”a” чиглэлийн нэг хэсэг юм. Энэ корридорын авто замыг Монгол Улсын болон Азийн авто замын төлөвлөлтийн стандартыг хангахуйц асфальтбетон хучилттай авто замаар бүрэн холбосноор Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, дотоодын зах зээлийг дэмжиж, улмаар олон улс хооронд дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол Улсын тээврийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх тэргүүлэх ач холбогдолтой юм.      

    

Ийнхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн Газар нь гадаад, дотоодын санхүүжилтээр авто замын барилгын ажлыг үе шаттай барьж ирсэн ба тухайлбал: Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаар Багц 1: Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8км, Багц 2: Бага Улаан даваа-Манхан сум чиглэлийн 103.3км, нийт 214.1км асфальтбетон хучилттай авто замыг шинээр барьж 2015 онд ашиглалтад оруулсан байна.

 

Ашиглалтад орсон авто зам нь Монгол Алтайн нурууг давж Бодончын хавцлаар 68км дайран өнгөрч байгаа ба үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлт ихтэй, зарим хэсэгт хадан хясаа, Бодончын голоор хавчигдмал 20-80м өргөнтэй нарийн хэсэгт баригдсан болно.  

                   

Эдгээрээс гадна, хад чулууны нуралтаас хамгаалсан торон хана, хэд хэдэн уулзвар замууд, нийт 4 хэсэгт амрах болон автомашины зогсоол баригдаж, мөн STA 18+640~18+890 хэсэгт 250м урт халиа, тошингоос хамгаалах бетон хана, STA 25+310~25+480 хэсэгт 170м урт үерийн хамгаалалтын бетон хана, 4000м гаруй урт хажуугийн бетон шуудуу зэргийг барилгын ажлын хүрээнд хийсэн.   

 

 Огцом эргэлт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэргээс шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийт 501 анхааруулах тэмдэг, 23 зохицуулах тэмдэг, 188 мэдээлэх тэмдэг, хөдөлгөөний орчинг харуулах толь зэргийг замын дагууд суурилуулсан.

Түүнчлэн, тус бүр нь 30-120м урттай, нийт 720м урт, Монголын анхны эргэлт бүхий гүүр, болон шулуун хүчитгэсэн төмөр бетон гүүрийг ажлын зураг, техникийн шаардлагын дагуу олон улсын болон дотоодын зөвлөхийн хяналтан дор барьж ашиглалтанд оруулсан.  Эдгээр авто зам нь Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын техникийн III ангилал, Азийн авто замын техникийн II ангилалын шаардлага, төлөвлөлтийн хурд, хэвтээ болон босоо төлөвлөлт, олон улсын хөдөлгөөний аюулгүй байдал, амрах талбай, автомашины зогсоолын шаардлагыг хангасан үргэлжилсэн хад, уулархаг газарт баригдсан анхны авто зам болсон.

 

Авто замын барилгын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда Констракшн” компани, хяналтын зөвлөхөөр БНСУ-ын “Кореа Консалтант Интернейшнль” компани ажилласан.

 

Мөн, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлээр Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60км, Ховд-Манхан чиглэлийн 85.3км, нийт 145.3км асфальтбетон хучилттай авто замыг БНХАУ-ын Гүйцэтгэгч “Чайна Гезоуба Групп” компани барьж 2014 онд ашиглалтад оруулсан.

 

Дээрх 2 төслийн хүрээнд АХБ-ны зээл, тусламж болон БНХАУ-ын зээлээр нийт 359.4км замыг бүрэн ашиглалтанд оруулаад байна.

 

Одоогийн байдлаар, АХБ-ны дараагийн зээл Транчи 2 төслөөр дээрхи босоо тэнхлэгийн дагууд баригдаагүй үлдсэн дараах авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:

 

  • Багц CW1-1: Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50км,
  • Багц CW1-2: Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 56.6км,
  • Багц CW1-3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км,

 

нийт 166.6км авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр Зам, тээврийн хөгжлийн яам нь БНХАУ-ын “Чайна Хуаши Интерпрайзиз“ компани, “Эйч Кэ Би Интернейшнль, Шинжианг авто зам, гүүрийн компани”-тай гэрээ байгуулан  2015 онд ажлыг эхлүүлсэн ба 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн байдлаар Багц CW1-1: Хашаатын даваа-Шурагийн гүүр чиглэлийн 50км замын ажлын гүйцэтгэл 100%-тай, Багц CW1-2: Шурагийн гүүр-Ховд чиглэлийн 56.6км замын ажлын гүйцэтгэл 100%-тай  Багц CW1-3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км замын ажлын гүйцэтгэл 57,36%-тай тус тус байна. Ажлын гүйцэтгэл 100%, улсын ашиглалтад хүлээн авахад бэлэн болсон Багц CW1-1, Багц CW1-2-ийн барилгын ажлыг хүлээн авах улсын комисс ажлын талбайд ажиллахаар төлөвлөж байна. Харин үлдэж буй Багц CW1-3 барилгын ажлыг ирэх 2019 оны 9-р сард дуусгахаар төлөвлөж байна.

 

Түүнчлэн, энэ онд Багц CW1-1 барилгын талбай дээр 125 техник, тоног төхөөрөмж болон гадаад,дотоодын 300 инженер, техникийн ажилчид,  Багц CW1-2 барилгын талбай дээр 94 техник, тоног төхөөрөмж болон 213 инженер, техникийн ажилчид, Багц CW1-3 барилгын талбай дээр 224 техник, тоног төхөөрөмж болон 433 инженер, техникийн ажилчид тус тус ажилласан байна.    

 

Дээр дурдсан ажлуудаас гадна 2018 оны 11-р сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам нь гүйцэтгэгч “Хотгор Зам” ХХК-тай төслийн гол авто замаас Мөст сум хүртэлх 20,3 км авто зам барих ажлын гэрээг байгуулж ажлыг эхлүүлээд байна.

                   

 

Төслийн хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 

2-р хороо. Нарны зам-18, Арж оффис 201 тоот

Утас: 70120107

Факс:70120107

И-Мэйл: westernroadmn@gmail.com

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-12-10 11:11:24

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.