Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан даваа гариг бүр болж тухайн долоо хоногийнхоо төлөвлөгөө биелэлтийг дүгнэдэг бөгөөд энэ долоо хоногийн хуралдаанд сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар албан айлчлалттай байсан учир сайдын шуурхай хуралдааныг дэд сайд Л.Халтар удирдан явуулж харъяа байгууллагууд, алба, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өгсөн юм. Тэгвэл өнөөдөр буюу пүрэв гаригт Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар шуурхай хуралдаан хийж 2018 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцлээ.  Шуурхай хуралдаанд яамны газар хэлтсийн дарга нар оролцон энэ оны төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд Замын барилгын ажил дуусч байгаатай холбоотойгоор найман аймгаар тойрч ажлын гүйцэтгэлийг шалгаад ирснээ онцоллоо. Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр хийгдэх замын зураг төсөл хийгдэж дууссан, зөвлөх компанийн тендер зарлагджээ. Мөн өвөлжилттэй холбоотой 47 цэгт шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна. Солонготын даваа, Үенчийн давааны замд замын хашлага хийхээр тооцоолон сайдын зөвлөлд санал оруулахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

Зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбоотой том оврын автобусанд өвлийн бэлтгэл байдлын шалгалтыг дахин явуулахаар төлөвлөж байгааг Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга танилцууллаа.

Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлсийн дарга Ч.Ренчиндамбын танилцуулснаар 2018 оны төсвийн нийт гүйцэтгэл 78 хувьтай, санхүүжилт 74 хувьтай явагдаж байна. Худалдан авах ажиллагааны хүрээнд 49 тендер шалгаруулалт явуулах ёстойгоос 100 хувь тендер зарлагдасны дотор 41 нь гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Найман ажил зарлагдсан хугацааны дагуу явагдаж, оны төгсгөлд санхүүжилтийн гүйцэтгэл 80 хувьтай явагдах байх гэсэн урьдчилсан төлөвтэй байгааг онцлов.

Харин Агаарын тээврийн салбарын хувьд Японтой концессын гэрээ хийсний хүрээнд тус улсаас долоон хүн ирж өнгөрсөн долоо хоногт вакумжсан хэлбэрээр ажилласан. Гэрээний ажил 30 хувьтай байсныг 50 хувь болгон эрчимжүүлснийг Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн онцоллоо.

Ийнхүү өнөөдрийн сайдын шуурхай хуралдаанаар салбарын өвөлжилтийн бэлтгэл, ажлын гүйцэтгэл, энэ оны ажлын биелэлт, хэрэгжилтийн мэдээллийг сонслоо.

 Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын ОХУ-д хийсэн айлчлал амжилттай болж, олон чухал ажил, уулзалтыг хийснийг шуурхай хуралдааны төгсгөлд тодотголоо. Айлчлалын хүрээнд  УБТЗ хувь нийлүүлэгчдийн хурлыг хийж 2020 он хүртэл 261 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлахаар тохиролцжээ.  Мөн ОХУ-тай чингэлэгийн тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах талаар гол яриа өрнөж, нааштай шийдвэрт хүрчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар 2018 оны ажлын биелэлт, гүйцэтгэлийг эрчимжүүлж концессоор хийгдэж буй ажлуудыг төлөвлөгөөт хугацаанд нь шахаж ажиллах, Дархан чиглэлийн замын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгалаа. Мөн Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдэхээр байгуулагдсан ажлын хэсэг үүссэн  очер дарааллыг түргэн хугацаанд бууруулж, тээвэрлэлтийг хэвийн явуулахад анхаарахыг үүрэгдлээ. 

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-11-22 11:49:09

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.