Тээврийн салбарын багц хуулийн шинэчлэлийг танилцууллаа

Зам, тээврийн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр салбарын хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүсээд байна. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яам тээврийн салбарын багц хуулийн төслийг боловсруулж өнөөдөр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, танилцууллаа.

 

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гэсэн үндсэн дөрвөн хуулийн төслийг танилцуулсан юм. Танилцуулгад Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

 

Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэлт, тээврийн аюулгүй байдал, ажиллагсдын боловсрол, нийгмийн асуудал зэрэг төмөр замын салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг тодорхойлох зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэгтэйгээр боловсрууллаа.  Төмөр зам шинээр барих, олон улсын сүлжээнд холбогдох ачаа, тээврийн ложистикийн цогц үйлчилгээг нэвтрүүлснээр улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой юм гэж Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын дарга А.Батболд танилцууллагадаа дурьдлаа.

 

Монгол улс 1921 оны “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Барселоны тунхаглал, 1984 оны “Олон услын далайн байгууллагын тухай конвенц, 1982 оны “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц” зэрэг олон улсын далайн салбарын 29 конвенц, протоколд нэгдсэн орсон байдаг. Далайн тээвэрлэлтийг нэмэгдүүлж, бэхжүүлэх хүрээнд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг боловсруулжээ.  Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан “ Монгол улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл  ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбаан эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, далайчдыг сургах, гэрчилгээ олгохтой холбогдсон харилцаа зохицуулахаар тусгасан” гэж мэдээллээ.

 

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орж, үүнээс үүдэн хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Жилээс жилд авто тээвэр нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байна. Иймд Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг боловсруулснаар Авто тээврийн салбарын тогтолцоог шинэчлэх, хяналт, удирдлагыг сайжруулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тээврийн бусад төрлүүдтэй уялдуулахад чухал ач холбогдолтой гэж үзжээ.

 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний нисэхийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн 14 зүйл нэмж тусгах шаардлагатай Агаарын тээврийн бодлогны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн онцоллоо. Иргэний нисэхийг зохицуулах төрийн байгууллагуудын чиг үүрэг, иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт зохицуулалт, эдийн засгийн зохицуулалтын болон осол зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны бүлгүүд нь олон улсын иргэний нисэх байгууллагуудын холбогдох загвар хуулийн дагуу Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга төсөл боловсруулагдсан хэмээн тайлбарлалаа.

 

Өнгөрсөн хугацаанд Агаарын тээвэр, далайн тээвэр, автотээвэр, төмөр замын тээврийн шинэчлэлд салбаруудын санал, санаачлагыг тусган тээврийн салбарын багц хуулийн төсөл бэлэн болжээ. Эдгээр багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

 

Зам, тээврийн хөгжлийн яам

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-11-07 14:27:48

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.