Авто замын салбар хөгжсөний 89 жилийн ойн баярын нээлтэнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын хэлсэн үг

 

           Эрхэм хүндэт авто замчдаа,

           Хатагтай, ноёдоо,

         Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаад Монгол Улсад Авто замын салбар хөгжсөний 89 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээвэр хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.

Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг авто замын салбар Монгол улсад хэдийнээ 89 жилийн хөгжлийн түүхийг бүтээжээ.

Өнгөрсөн хугацаанд авто замчид бид улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, түүхэн он цагуудыг бүтээн байгуулалтын өндөр үр бүтээлтэйгээр үджээ.

        Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто замын салбараар “Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх” зорилтыг тавьсан бөгөөд авто замчид бид хэрэгжилтийг үр дүнтэй ханган ажиллаж байна.

Тухайлбал 2018 онд баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох 1030.2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс 345 км авто замыг 2018 онд, 685 км авто замыг 2019 онд, мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км авто замын үлдэж байгаа 249.7 км авто замын 163.9 км авто замыг 2018 онд, үлдэж буй 87.8 км авто замыг 2019 онд тус тус ашиглалтад оруулах юм.  

        Түүнчлэн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км анхны хурдны зам, Нийслэл Улаанбаатар хотод дөрвөн хэсэгт гүүрэн гарц барих  томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлсэн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж, мөн ирэх онд Азийн авто замын сүлжээний АН3 чиглэлийн авто замын хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлд 2 урсгал бүхий 4 эгнээ авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км 2 урсгал бүхий 6 эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

        Монгол Улсын нийт ачаа тээвэрлэлтийн 57.8 хувийг, зорчигч тээвэрлэлтийн 98.4 хувийг авто замын тээврээр гүйцэтгэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг даган хаалганаас хаалганд хүрч үйлчлэх чадвартай авто замын тээврийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа.  

         Авто зам, замын байгууламжийн чанарын асуудал ихээхэн яригддаг. Өнөөдрийг хүртэл бид бага зардлаар аль болох урт зам тавих зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Цаашид бидэнд чанар, стандартад анхаарч, авто зам хэрэглэгчдийг аюул осолгүй, ая тухтай, найдвартай зорчих нөхцлөөр хангах үндсэн зорилтын хүрээнд олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт техник, технологи, хийц бүтээцийг нэвтрүүлж салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах асуудал тулгарч байна. 

Авто замын салбарын тогтвортой, үр дүнтэй хөгжлийг хангах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын чиг хандлагыг тодорхой болгох хүрээнд нилээдгүй ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч хэрэгжүүлэх ажил их байна. 

Ирэх онд бид салбарынхаа 90 жилийн ойг тэмдэглэнэ. Авто замчид та бүхэндээ 90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

        Монгол улсынхаа хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан, ажиллаж байгаа салбарын нийт хамт олны Алтан шар зам Ашид мөнхөд өлзийтэй байх болтугай.

ЗАМ, ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМ


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-26 12:24:45

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.