МОНГОЛ УЛСАД АВТО ЗАМЫН САЛБАР ХӨГЖСӨНИЙ 89 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

 

          Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, дэмжлэг үзүүлж ирсэн авто замын салбарын үе үеийн ажилтнууд, ахмад буурлууд болон салбарын хөгжилд нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтан албан хаагчид, зүтгэл нэгт нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа “Авто замын салбар хөгжсөний 89 жилийн ойн баяр”-ын мэндийг хүргэж, ажил бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

         Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд нийт ачаа тээвэрлэлтийн 57.8 хувийг, зорчигч тээвэрлэлтийн 98.4 хувийг авто замын тээврээр гүйцэтгэж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг даган хаалганаас хаалганд хүрч үйлчлэх чадвартай авто замын тээврийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж, Авто замчид та бидний хийж бүтээх ажил хүлээгдэж, хариуцлага нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд бид нэн тэргүүний ээлжинд аймгийн төвүүдээ нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин амжилттай хэрэгжүүлж ажилласан нь Авто замчид та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

           Одоогийн байдлаар, баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох 1030.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байна. Үүнээс 345 км авто замыг 2018 онд, 685 км авто замыг 2019 онд, мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км авто замын үлдэж байгаа 249.7 км авто замын 163.9 км авто замыг 2018 онд, үлдэж буй 87.8 км авто замыг 2019 онд тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

          Түүнчлэн Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км анхны хурдны зам, Нийслэл Улаанбаатар хотод дөрвөн хэсэгт гүүрэн гарц барих  томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлсэн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж, мөн ирэх онд Азийн авто замын сүлжээний АН3 чиглэлийн авто замын хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлд 2 урсгал бүхий 4 эгнээ авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км 2 урсгал бүхий 6 эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Өнгөрсөн онд “Авто замын тухай” хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их Хурлаар батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөх журмуудыг боловсруулан мөрдөж байна. Одоо бид “Төрөөс авто замын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Үүний дүнд авто замын салбарын хууль, эрх зүйн орчин улам бүр боловсронгуй болох юм.

           Монгол Улсынхаа хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажилласан, ажиллаж байгаа салбарын нийт хамт олон Та бүхэндээ “Авто замын салбар хөгжсөний 89 жилийн ойн баяр”-ын мэндийг дахин дэвшүүлье.

Алтан шар зам Ашид мөнхөд өлзийтэй байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-25 16:00:00

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.