“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулганд оролцогч хүндэт зочдыг хүлээн авлаа

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар чуулганд оролцогч хүндэт зочдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү уулзалтад оролцохоор манай орныг зорин ирсэн өндөр дээд хэмжээний зочид та бүхнийг хүрэлцэн ирсэнд таатай байна. Бидний тулгамдсан асуудлыг хэлэлцэж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, сайн туршлага солилцоно гэж найдаж байна. Монгол орон та бүхнээс суралцах зүйл их байна. Энэ уулзалт олон талдаа өндөр үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хурлаас их зүйл хүлээж байна. Монгол улс 3 сая гаруй хүн амтай ч нийслэл хотод 1.2 сая хүн амьдарч байна. Сүүлийн 20 жилд хөдөөнөөс хот руу суурьших хөдөлгөөн ихсэж механик өсөлт эрс нэмэгдсэн. Замын түгжрэл, агаарын бохирдол, түүнийг дагасан тээврийн асуудал гээд бидэнд олон асуудал байна. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх талаар та бүхэн оновчтой сайн туршлага солилцоно гэж итгэж байна” гэж хэллээ.

24 орны нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож буй чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийлээ.

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-03 11:05:57

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.