Баруун чиглэлийн авто замын засвар арчлалтанд хяналт хийлээ

ЗТХЯ авто замын салбарт замын хяналт, чанар, хариуцлагын асуудлыг нэгд тавьж ажиллаж байна. 2017 онд батлагдсан “Авто замын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад авто замын барилгын чанар, засвар арчлалтын баталгаат хугацааг 3-н жил болгон сунгаж тухайн барьсан компани хариуцан ажиллахаар тусгаснаар томоохон дэвшил болсон юм.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа аваад 6-н жил тасраад байсан “Авто замчдын удирдах ажилтаны зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, гарсан зөвлөмждөө хяналт хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн төдийгүй сайдын тушаалаар 2018 оныг Замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах жил болгон зарласан. Өнөөдөр улсын чанартай авто замуудад осол аваар хамгийн их гардаг, үзэгдэх орчин тааруу цэгүүдийг эхний ээлжинд тэмдэглэгээжүүлэх ажил хийгдэж эхлээд байна.

Тэгвэл ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар 2019 оноос замын компаниудын засвар арчлалт, замын барилгын ажлын гүйцэтгэл үр дүнд дүгнэлт хийж, муу үзүүлэлттэй замын компаниудад дараагийн  ажил өгдөггүй байх, хар жагсаалт гаргах асуудлыг дэвшүүлээд байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт ХШҮДАГ-ын авто замын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг “Баянчандмань-АЗЗА”, “Дархан-АЗЗА”, “Сэлэнгэ-АЗЗА”, ТӨХК-дад дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэсэн замын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдал, “Хотгор зам” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км, сум доторх 2.8 км хатуу хучилттай авто замуудад гарсан эвдрэлийг “Хотгор зам” ХК нь баталгаат хугацаандаа засварлаагүй гомдлын дагуу газар дээр нь хяналт хийж үүрэг, чиглэл өгч ажиллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн Зүүн бүрэн чиглэлийн хайрган хучилттай 109 км авто замд /ургацын зам/ хусалт, дүүргэлт хийсэн ч борооны улмаас 6 км орчим замд эвдрэл гарсныг дахин засах үүргийг өглөө. “Дархан АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг замын хөвөөг засварлах ажил санхүүжилт байхгүйн улмаас хийгдээгүй байна.  

Хөвсгөл аймгийн засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн мөрөөр хяналт хийхэд:  ажил гүйцэтгэгч “Хотгор зам” ХК чанарын баталгаат хугацаандаа гарсан эвдрэлийг цаг тухайд нь гүйцэтгээгүйн улмаас гомдол үүсч, ЗТХЯ-наас өгсөн үүргийн дагуу засварын ажлыг гүйцэтгүүлэхээр “Хүслэнт бүтээмж” ХХК-тай гэрээ байгуулан 2018.09.10-наас-17-ны хооронд 800-1100 м2 талбайд асфальтбетон нүхний засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна. Мөн гэрэлтүүлгийн 546 шонгоос 440 шон будаж,116 шон будаагүй гүйцэтгэл нь 81 хувьтай байгааг ойрын хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг чиглэлийг өглөө.  

Мөрөн сум доторх эдгээр замууд ашиглалтанд ороод 4-н жилийн нүүр үзэж байгаа ч  авто замын хариуцагч болох “Тохижилт үйлчилгээний компани” нь хатуу хучилттай авто замын засвар, арчлалтын ажлыг цаг тухайд нь хийдэггүйн улмаас хог шороо ихтэй, тэмдэг тэмдэглэгээ арилсан, мөн замын хөвөөгөөр шарилж ургасан зэргээс замын эвдрэл үүсч байгаа зэрэг асуудлууд байгааг  дүгнэж, Мөрөн сумын холбогдох удирдлагуудад газар дээр нь танилцуулж үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ажлын хэсгийнхэн Хөвсгөл-Хатгал чиглэлийн 103 км зам, Хатгал-Тойлогт чиглэлийн хайрган хучилттай зам болон Мөрөн-Улиастай чиглэлийн 5,6 км зам, Хилэнтийн гүүрийг засвар ашиглалт тээвэрлэлтийн даацын нөхцөл байдалтай танилцаж “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн удирдлагуудыг үүрэг чиглэлээр ханган ажиллалаа.

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-25 13:16:35

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.