Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. 2015 онд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд цаашид төслийг үргэлжлүүлэх  хөрөнгөгүйн улмаас ажил нь зогссон. Засгийн газраас авсан бодлогын хүрээнд төмөр зам барих ажлыг эрчимжүүлэхээр орууллаа. Тавантолгойн төмөр зам барих хөрөнгө оруулалтыг, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Тавантолгойн төмөр зам” гэсэн компани байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэх бөгөөд хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолд тусгаж нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалтыг  эхний ээлжинд шинэ компанид оруулахаар төлөвлөжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай бөгөөд  49 хувьд гадны хөрөнгө оруулалт оруулах бололцоо бүрдэх юм.  Үндсэндээ Монголын талын 51 хувийн эзэмшил бүхий  компани байгуулах шийдвэр гарлаа гэж хэлж болох юм. 

 

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Монголын төмөр зам компани байгуулснаар Тавантолгой Гашуун сухайтын төмөр замыг эрчимжүүлэх үндэс бүрдэнэ

 

-Хичнээн хэмжээний хөрөнгө  оруулалт оруулах бол?

 

-“Монголын төмөр зам”-ын оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 279 сая ам.доллар байгаа. Бид нийтдээ 100-200 гаруй сая ам.долларыг эхний ээлжинд оруулна гэж урьдчилсан тооцож байна. Нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалтыг оруулахаар төсөөлж байгаа.

 

-IPO гаргаж хөрөнгө оруулалт босгоно гэж байсан. Энэ талаар...?

 

-Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд IPO босгох үйл ажиллагаа явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын компанид хувь нийлүүлж оруулснаар цааш цаашдынх нь IPO хийхэд хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ нэмэгдэх бололцоо хангагдана.  

 

Мэдээ нийтлэгдсэн: 2018-08-08 12:01:28

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.