ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД Е.И.ДИТРИХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хэлэлцээ хийв.

Сайд Ж.Бат-Эрдэнэ түүнийг ОХУ-ын Тээврийн сайдын өндөр, хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд, анхны гадаад айлчлалаа Монгол Улсад хийж, хоёр улсын хооронд олон жил яригдаж ирсэн “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсанд талархал илэрхийллээ.

Хоёр улсын Тээврийн сайд нар сүүлийн жилүүдэд хоёр талын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, шинэ агуулгаар баяжиж байгааг цохон тэмдэглээд, цаашид үргэлжлүүлэн, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр тал төмөр зам, авто тээвэр, авто зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүх салбарт хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, цаашид өргөжүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр Монгол-Оросын хамтарсан” УБТЗ ХНН”-ийн шинэчлэл, хөгжлийн асуудлыг хөндөн ярилцаад, цаашид хоёр талын болон Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хүрээнд энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Тээврийн Сайд нар Төмөр замын Төв, Хойд, Зүүн коридор болон Урд чиглэлийн төмөр замын төслүүдийн  талаар харилцан санал солилцож, “Азийн автозамын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд дамжин өнгөрөх автотээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлэх чиглэлд ажиллахаар тогтов.

Мөн Азийн автозамын сүлжээний AH-3 чиглэлийн хурдны автозамыг Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-06-12 10:48:30

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.