ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Тува улсын төрийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Төрийн Тэргүүн ноён Ш.В.Кара-Оол-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо. Тухайлбал Тува улстай Улаанбаатар Улаангом Кызылийн чиглэлд агаарын маршрут нээх асуудалд санал солилцож, энэхүү саналыг харилцан дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тува улсын хувьд олон улсын статустай шинэ нисэх онгоцны буудлаа ирэх 8-дугаар  сард ашиглалтанд оруулах бөгөөд манай улсын хувьд  Улаангом хотын нисэх буудлыг олон улсын статустай болгох асуудал Засгийн газрын хурлаар шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Энэ асуудал шийдэгдсэнээр хоёр тал эхний удаад ээлжилж нислэг хийхэд татгалзах юмгүй, цаашид нислэгийн давтамжийн талаар харилцан тохиролцож болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Төмөр замын хувьд  “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан төмөр замын “Хойд” коридорын нэг хэсэг болох Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг Кызыл-Курагиний төмөр замтай нийлүүлэх бодлого барьж байна. Монголын талаас хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  тээврийн салбарт ачаа тээвэр болон зорчигч урсгалыг нэмэгдүүлэх бүх чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.    

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-05-14 19:01:32

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.