Ж.Бат-Эрдэнэ: “МИАТ” миний гаргасан бодлого дотор л амьдар л даа

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй “МИАТ” ТӨХК-ийг тойрсон асуудлаар ярилцлаа.

-БИ “МИАТ” ТӨХК ДЭЭР ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙГ НЬ НЭЭЖ ӨГЬЕ Л 
ГЭЖ БАЙГАА ЮМ-

-“МИАТ” ТӨХК-ийг тойрсон асуудал руу орохоосоо өмнө Гүйцэтгэх захирлыг нь саяхан солих болсон гол шалтгааныг асуумаар байна?

-“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Тамирыг саяхан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэгдүгээрт, үүрэгт ажлын хугацаа нь дуусч таарсан. Үндсэндээ 20-30 хоног л дутуу байлаа. Хоёрдугаарт, “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дотоод аудит оруулсан. Ер нь өмнө нь аудит оруулахад сайнгүй дүн гарсаар ирсэн байдаг. Энэ байдал одоо ч арилаагүй байна. Наад зах нь 3 сая ам.долларын алдагдалд орсон асуудал байна. Тэгэхээр дотоод менежментийг нь цаашид илүү сайжруулах шаардлагатай гэсэн үг. Тиймээс өмнөх удирдлагыг нь сольж, мэргэжлийн хүрээнд шинэ томилгоо хийсэн.

-Шинэ удирдлагаас хүлээж буй голлох үүрэг, том зорилго юу байх вэ?

-“МИАТ” ТӨХК-ийн шинэ удирдлага тодорхой өөрчлөлтүүд хийнэ. Санхүүгийн танаж болох зардлууд дээр анхаарч ажиллах учиртай. Агаарын тээврийн зах зээл дээр ажиллах бололцоог нь илүү өргөжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

-“МИАТ” ТӨХК-ийн Т.Тамир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ “Салбарын сайдтайгаа ойлголцож ажиллахад хүндрэлтэй байна” гэж дурдсан байдаг. Тэгэхээр дахиад л нэг улс төрийн томилгоо явагдчихав уу гэж харагдлаа?

-Мэдэхгүй. Би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ яагаад тийм зүйл бичсэнийг нь ойлгоогүй.

-Салбарын сайдын зүгээс төрийн өмчит хувьцаат компаниа илүү бэхжүүлэхэд анхаарах ёстой юм  уу, эсвэл чөлөөт өрсөлдөөн бий болгоход анхаарч ажиллах нь илүү зохимжтой юу?

-Жишээ авч ярья. Та Монгол Улсын иргэн. Аливаа салбарын үйл ажиллагаа ерөөсөө л иргэддээ үйлчлэхэд чиглэдэг. Иргэддээ үйлчлэх хэлбэрийг тохиромжтой байлгахын тулд төрийн байгууллагууд ажилладаг. Хувийн хэвшил хийчихэж болох зүйл дээр төр өөрөө татгалзчих ёстой юм. Одоо Улаанбаатар-Сөүл чиглэлд хамгийн их нислэг үйлдэгдэж байна. Өнөөдөр билетээ захиалъя гээд утас цохиод үз. Магадгүй ирэх наймдугаар сарын билет дууссан байгаа. Яагаад байхгүй байна вэ гэхээр, хоёр талд тохиролцоод гэрээндээ нислэгийн давтамжийг ихэсгэх бололцоо алга. БНСУ-д есөөс дээш давтамжтай нислэгт хоёрдогч авиа компани оруулдаг. Хоёрдогч тээвэрлэгч оруулчихъя гэхээр Монгол Улсын 2020 он хүртэлх Иргэний гаарын тээврийн салбарт баримтлах бодлого бичигт зөвхөн нэг тээвэрлэгчтэй байхаар батлуулчихсан байгаа юм. Энэ нь БНСУ-ын болон дэлхий нийтийн агаарын бодлогоос зөрчихсөн учраас нэг ёсондоо том чагт болчихсон. Байдал ийм байгаа учраас зуны улиралдаа бид өчнөөн их жуулчдаа алдаж байна. Билет байхгүй юм чинь хэн Монголыг зорих юм бэ. Тэгэхээр зайлшгүй чөлөөт өрсөлдөөн бий болгох ёстой. Төрийн байгууллага, салбар яам үүний төлөө ажиллахаас өөр гарц байхгүй.

-Гол нь хоёрдогч нислэгийн эрхийг хуулийн хүрээнд эхлээд нээе гэсэн санаа юм уу?

-Би “МИАТ” ТӨХК дээр чөлөөт зах зээлийг нь нээж өгье л гэж байгаа юм. Монгол Улсад байгаа энэ хуулийнхаа чагтыг алга болгочихъё. Хоёрдогч тээвэрлэгч нисэх гарцыг нь нээгээд өгьчихье. Манай талаас хоёрдогч тээвэрлэгч гараад ирвэл нисэг. БНСУ-ын талаас хэн нэгэн хоёрдогч тээвэрлэгч нь ороод ирнэ. Ингэхээр зуны нислэг илүү өргөжиж, хангалттай түвшинд очих боломж бүрдэнэ.

baterdene

-ТӨР “МИАТ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЮМ УУ, ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ
АЖИЛЛАХ ЮМ УУ-

-Нислэгийн тоо, давтамж нэмэгдэхээр МИАТ үнээ бууруулах шаардлагатай тулгарна. Буулгахгүй бол санхүүгийн эрсдэлд орох аюултай. Төр тэгэхээр төрийн өмчит хувьцаат компани дээрээ ямар менежмент хийх вэ?

-Үнээ буулгах зайлшгүй шаардлагатай нүүр тулах нь үнэн. Тухайлбал, БНСУ-ын тал хоёрдогч тээвэрлэгчийг оруулсан тохиолдолд үнээ буулгана гэдгээ албан ёсоор илэрхийлчихсэн. Тэгэхээр таны хэлсэнчлэн МИАТ-д хүндрэлтэй байдал үүснэ. Төрийн өмнө хоёр сонголт байна. Төр “МИАТ” ТӨХК-ийн төлөө ажиллах юм уу, иргэдийнхээ төлөө ажиллах юм уу. Салбарын сайдын хувьд иргэдийн төлөө ажиллах хүсэлтэй байна. Энэ байр суурин дээрээ ч хатуу зогсоно.

-Нөгөө талаас таныг ингээд ярихаар “МИАТ” ТӨХК-ийг шахаж, гадны авиа компаниудад боломж олгох лоббид өртлөө гэж хардах нөхцөл үүсэх биш үү?

-Тэгвэл хэдүүлээ бүгдийг нь хаачихъя л даа. Энэ чигээрээ явж л байя. Ганцхан жижиг хаалгаа ийм бага завсартай хэвээр байлгаад байж бас болно шүү дээ. Би эндээс нэг л зүйл горьдож, хүлээж байгаа. Бид агаарын замаа илүү нээлттэй болгосноор, бидний тооцооллоор нэг сая жуулчин авах боломж нээгдэнэ. Улсдаа нэг сая жуулчин авах манай улсын олон жилийн зорилт, мөрөөдөл байсаар ирсэн. Нэг жуулчин манай улсад дор хаяж 1000 ам.доллартай ирдэг. Энэ нь нийлбэр дүнгээрээ нэг тэрбум ам.доллар буюу 2.4 их наяд төгрөг. Ийм их хэмжээний орлого Монгол Улсад орох боломж үүснэ гэсэн үг. Магадгүй энэ тохиолдолд таны хамаатан хэдэн төрлийн сайхан хүрэм оёод, жуулчдад зарснаар өрхийн орлого нэмэгдэнэ. Ард түмэн эндээс л хожиж байгаа юм.

-Олон нийт хардах эрхтэй?

-Мэдээж. Ж.Бат-Эрдэнийг эрх ашигтай байна гэж хардаад, “МИАТ” ТӨХК-ийг хайрлаад байж болно. Бидний энэ хайрлаад байгаа “МИАТ” ТӨХК өнгөрсөн 2017 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ хамгийн дээд тоо нь юм. Цэвэр ашиг нь 50 тэрбум төгрөг хүрлээ гэхэд үүнээсээ 10 гаруй тэрбумыг нь улсад өгдөг. Бусад нь МИАТ компанийн ашиг болоод явчихна. “МИАТ” ТӨХК одоо 800 ажилтантай. Дотоод зардал их, цалин өндөртэй. Тэгэхээр улс эх орны эрх ашгийн төлөө бид үүнийг өөрчилж, эрсдэл үүсгэх үү, эсвэл энэ эрсдэлээс айж МИАТ-ийн ашгаас багахан хувийг нь авчихаад, тэнд 800 хүнийг сайхан амьдруулаад байх уу. Би ийм л эрсдэлийн өмнө зогсож байна.

-“Танай агаарын тээврийн өрсөлдөөнд илүү өргөн боломжтойгоор оролцмоор байна” гээд саналаа танд хүргүүлчихсэн гадны авиа компани байгаа юу? Дотоодын компаниудын хувьд ч тэр?

-Одоо яг тийшээ ниснэ гээд ирсэн компанийн санал миний ширээн дээр нэг ч байхгүй. Яваандаа энэ олон компани байхад санал гарч л таараа.

-Танд хувийн шугамаар гадны авиа компаниуд уулзах хүсэлт тавьсан удаа байгаа юу?

-Байхгүй. Уулзах ч үгүй байгаа.

baterdene

-“ЭЙР МОНГОЛИА”, “ИЗИНИС”, “ХҮННИ ЭЙР” ЧИНЬ ҮНДЭСНИЙ АВИА 
КОМПАНИ БИШ ЮМ УУ-

-Манай дотоодын авиа компаниудын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тэд нэгэн үе хаалгаа барьж, санхүүгийн хүнд байдалтай нүүр туулсан.

-Би 2012 онд “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга байсан. ТУЗ-ийн дарга байхдаа “МИАТ” ТӨХК-ийн давуу эрхийн эсрэг “Хүннү Эйр”-т ганц нэг чиглэл зөрж байгаад өгч байсан юм. Зах зээлдээ жаахан салхи оруул, өрсөлдөөнтэй ажилла гэж хэлсэн байсан. Тухайн үед таван онгоцтой байсан “Эйр Монголиа” одоо ганц онгоцтой байна. “Изинис” дампуурсан. “МИАТ” ТӨХК-ийн монополийг тэр үед гаргаад тавьж л байсан. “Корейн Эйр”-ийн монополь бас яваа. Бүгд л үүнийг ярьдаг. Одоо харин ярьдгаа болиод засах хэрэгтэй.

-“МИАТ” ТӨХК-ийн 49 хувийг хувьчлах асуудал Засгийн газрын хүрээнд яригдсан гэж ойлгогдсон. Ийм нөхцөл байдалд шилжсэнээр та бид хоёрын яриад байгаа эдгээр асуудлууд давхар шийдэгдээд явах биш үү?

-Тодорхой хэмжээнд цэгцэрнэ. Цэгцрэх ч ёстой. Хамгийн энгийн жишээ авмаар байна. “МИАТ” ТӨХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар найман ажилтантай. Өмнө нь монголчууд газар үзээгүй, хүн бүрийг тосч авах шаардлагатай байсан нь үнэн. Харин одоо цаг өөр болсон. Бид онлайнаар билетээ захиалаад, аль ч онгоцны буудал дээр учраа олчихдог болчихсон байна. Глобальчилсан энэ ертөнцөд хэн ч, хаана ч учраа олоод явдаг арга барилтай болчихсон. Ийм байхад Бээжинд МИАТ-ийн найман ажилтнаар яах юм бэ. Төлөөллийн 1-2 хүн байхад л болно. Шаардлагатай бол хэлтэй хүнээ тэндээс нь ажиллуулахад болох асуудал. Энэ бол цэвэр тансаглал. Үүний эсрэг яагаад дуугарч болохгүй гэж.

-Аливаа улс агаарын тээврээ төрийн өмчдөө байлгах ёстой. Эргээд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх үзлүүд бий?

-Ер нь энд аймшигтай том эрсдэл байхгүй. Манайхан Японд болсон цунамиг л яриад байгаа юм. Ядарч байхад МИАТ л биднийг хүргэсэн гээд. Тэгснээ хоёр улс хилээ хаавал ганцхан МИАТ л ниснэ гэж хүртэл ярьж байгаа юм. Уучлаарай, хоёр улс хилээ хаавал хамгийн түрүүнд агаарын хилээ л хаадаг. Пуужингаар нисээд, цаана нь буудаггүй л юм бол өөр ямар ч арга байхгүй.

-“МИАТ” ТӨХК-ийн талаарх таны байр суурь хувь сайдынх юм уу, эсвэл Засгийн газрын бодлого юм уу?

-Би “МИАТ” ТӨХК-ийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Салбарын сайдын хувьд нислэгийн тоог нэмье, нислэгийн монополийг арилгая л гэж байгаа юм. Тэгээд л бол оо. Би цаашаа юу ч бодоогүй. “МИАТ” ТӨХК үүн дотор багтаад ажиллах ёстой. Гэхдээ МИАТ яг миний удирдлага дотор багтдаг компани биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага дор ажилладаг. Би МИАТ-ийн өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм шиг хардаад байх юм. Үгүй байхгүй юу. Би Монголын иргэний агаарын тээврийн бодлогыг задалж өгье л гэж байгаа юм. Нээлттэй болгох гэсэн л санаа. Үүнд айгаад бачимдаад байх хэрэггүй л гэж хэлмээр байна.

-Дахин асууя. Энэ нь таны байр суурь юм уу. Засгийн газрын бодлого юм уу?

-Засгийн газар либеральчлалыг дэмжинэ гэсэн. Тэр нь иргэний нисэхийн либеральчлал. Энэ хүрээнд л би ярьж байгаа. Түүнээс би МИАТ-ийг яриагүй. Ийм байхад МИАТ өөрөө л энэ асуудал дотор орж ирж хутгалдаад байгаа юм. Сандраад л гүйгээд байх юм. МИАТ миний гаргасан бодлого дотор л амьдар л даа. МИАТ-ийг Үндэсний авиа компани гээд зарлачихдаг. Гэтэл “Эйр Монголиа”, “Изинис”, “Хүнни Эйр” чинь үндэсний авиа компани биш юм уу.

Ж.МЯДАГБАДАМ


Мэдээ нийтлэгдсэн: 2018-05-01 10:20:38

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.