Ж.Бат-Эрдэнэ: Хотын түгжрэлийг бууруулахад давхар замын асуудлыг эргэж ярих ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр албан уулзлалт хийлээ. Уулзалтанд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагай болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Өнөөдрийн уулзалтаар хоёр тал 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Мөн 2018 онд хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийн талаар санал солилцов.

 

“Зам тээврийн салбар бол хотын хувьд маш чухал асуудал. Хотын түгжрэл гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг салбарын яамтай сайн ярилцаж тохиролцож байж шийдэх учиртай. Өнөөдрийн уулзалтаар авто вокзалын асуудал яригдлаа. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан авто вокзал байхгүй. Хотын зүүн, баруун, урд талд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттайгаар 3 авто вокзал барина гэсэн асуудал яригдсан. Мөн Авто худалдааны цогцолбороо хэрхэн цаашаа ашиглах вэ? Улаанбаатар хотод хөрсний бохирдол, түгжрэл зэргийг бий болгож байгаа олон авто худалдааны цэгүүдийг цэгцлэх асуудлыг хамтрач хэрэгжүүлье гэж ярьсан” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нэлээд ажил хийгдсэн. Хийгдээгүй бага сага ажил байгаа ч ихэнх нь 60-70 хувьтай явагдаж байгаа юм. Улаанбаатар хотын зам, тээврийг сайжруулах, тээвэр талаас нь харах, тээврийн хүртээмжийг дээшлүүлэх зэрэг ажлууд явж байна. Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ нисэх буудлыг менежментийн гэрээгээр ашиглалтанд оруулж үйлчилгээг нь эхлүүлэх асуудал яригдсан. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар хотоос шинэ нисэх буудлын хүрээнд хот байгуулалтын асуудлыг маш яаралтай шийдэх шаардлага үүсч байна. Тэнд ажиллах ажилчдын орон сууц, нийгмийн үйлчилгээ талаас олон асуудлууд яригдах шаардлагатай. Түүнчлэн хотын түгжрэлийг бууруулахад давхар замын асуудлыг дахиж ярих нь зөв гэж үзэж байна. Мөн зарим нэгэн гүүр, гармууд хаагдсан асуудал байна. Үүнийг улсын чанартай зам, гүүртэй холбож өгөх зэрэг ажлууд яригдсан. Мөн өнөөдрийн ярианы гол асуудал бол Зүүн, баруун 4 зам дээр хоёр түвшиний уулзварыг бий болгох, гүүрэн гарцыг бий болгох гэсэн асуудал нэлээн яригдлаа. Нэн тэргүүнд зүүн дөрвөн зам дээр эхлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ”

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-11-30 18:14:55
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.