ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаа

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд  Булган аймагт ажиллаа.  Энэ үеэрээ иргэдтэй уулзан УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд  хариулт өглөө.  УИХ-ын гишүүнийхээ хувьд тэрээр 2017 онд Авто замын тухай хууль, Төрөөс төмөр замын талаар авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг,  Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бол бусад 6-н хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна.

Тойрогтоо “Булган нэг үе” ТББ-тай хамтран  “Хавдаргүй Булган” төсөл хэрэгжүүлж 15 мянга гаруй иргэдийг элэгний В, С вирусын оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, эм бэлдмэлийг 800 гаруй өвчтөнд бэлэглэсэн, оюутан залуучуудаа дэмжиж “Оюунлаг Булган сан”, “Оюутан зөвлөх” хөтөлбөр хэрэгжүүлсэн, хөдөөгийн иргэдээ ажилтай орлоготой болгох зорилго бүхий “Шинэ хөдөө” төслийг эхлүүлсэн гээд хийсэн ажил, дуулгах сонин ихтэй  эрхэм гишүүндээ нутгийнхан нь ам сайтай байлаа.  Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, ажилгүйдлийг бууруулах, нутгийн оюутан залуучуудаа дэмжихэд ихээхэн анхаарч байгаад нь талархаж байна, цаашид  ажилгүйдлийг бууруулах, зам харгуйг шинэчлэх асуудал дээр багагүй хүлээлттэй байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа.

Булган аймгийн хувьд 2018 онд улсын төсвийн хүрээнд Булган сумын 1-р сургуулийн 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга 4,300 сая төгрөг, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад 2,100 сая, Тэшиг сумын дунд сургуулийн өргөтгөлд 950 сая,  аймгийн төвийн спорт ордоны их засварт 774 сая, нэгдсэн эмнэлгийн 30 ортой халдварт сүрьеэгийн барилгад 2,37 сая гэхчилэн эрүүл мэнд боловсролын салбарт голлох хөрөнгө оруулалт хийгдэж нийтдээ 6,731 сая төгрөг  хөрөнгө оруулалтад тусгагджээ.

Аймаг орон нутгийн удирдлагуудын хувьд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 18 мянга гаруй өрхтэйгээс 1667 өрх огт ажил эрхэлдэггүй орлогогүй байна. Энэ өрхүүдээс нэг хүнийг нь ажлын байраар хангахад  анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.  

Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж тусгаар улсаа тунхагласан өдөр Булганчуудын хувьд онцлох  үйл явдлаар дүүрэн байлаа. Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой ирэх жил болно. Ойн хүрээнд 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь тус аймгийг үүсгэн байгуулагч А.Амар сайдын амьдрал үйл явдлыг харуулсан “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар” баримтат киноны  нээлт энэ үеэр тохиолоо. Уг киноны зохиолч, продюсараар  түүхч академич Ж.Болдбаатар,  Ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Жигжидсүрэн нар  ажилласан байна.  Тэд Булган нутагт хүрэлцэн ирж киногоо нутгийн зон олонд дээжлэн барьсан нь бас нэг онцлох үйл явдал байлаа.

Мөн энэ өдрүүдэд төрийн албанд шинээр орж буй залуучууд ард иргэдийнхээ төлөө төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд хичээн зүтгэхээ илэрхийлж тангарагаа өргөсөн бол аймгийн МАН байгуулагдсаны 80 –н жилийн түүхэн ой энэ өдрүүдэд давхцаж спортын наадам, гурван үеийнхний уулзалт, Үндэсний 64-н бөхийн барилдаан гээд Булганчууд хөд хөдөлгөөн ихтэй байна.

   

 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ:  ТӨРИЙН БОДЛОГО ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН НЬ ИРГЭДИЙН АМЬЖИРГААН ДЭЭР ТУСЧ БАЙХ ЁСТОЙ

-Аймагтаа ирсэн эхний өдрөө та шууд иргэдтэй уулзахаас ажлаа эхлүүлж байна. Заалнаас харахад Булган нутгаас төрсөн 15 дахь сайдаа хүлээсэн хүлээлт бас их байгаа нь анзаарагдлаа. Иргэдийн хувьд энэ уулзалтаар Шинэ Засгийн газар болон нутгийн сайдаасаа юу хүлээж байна, ямар асуудлыг илүү тавьж байв?

-Сайд болсноосоо хойш орон нутагт иргэдтэй уулзах уулзалтаа өөрийн нутаг Булган аймгаасаа эхлүүлээ. Уулзалтанд ирсэн иргэдийн хувьд шинэ Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын талаас илүү сонирхон асууж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх ажлын байр бий болгох хүсэлтийг тавьж байна.

Засгийн газрын хувьд эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх,  ядуурлыг бууруулах, үүнтэй уялдаад сахилга батыг сайжруулах Ерөнхий сайдын захирамж гарсан. Энэ хүрээнд иргэд олон нийт нь ямар хэмжээнд оролцоотой ажиллах юм, хяналт нь ямар байх,  орон нутагт уялдаа холбоо нь ямар байх асуудлыг ярилцлаа.

Мөн иргэдийн хувьд Шинэ хөдөө төслийг сонирхон асууж байна. Миний хувьд хамгийн гол нь хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгоё. Иргэдээ орлоготой болгож, амьжиргааг нь дээшлүүлье, чадавхижуулая цаашлаад  зам тээвэр соёл, боловсролын асуудлыг нь цогцоор нь харж шийдье гэдэг агуулгаар энэ төслийг санаачилсан. Өнгөрсөн намар 10 гаруй аймгаар орж үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа, туршлагыг судаллаа.  Үүнийгээ олон нийтэд бас хэвлэл мэдээллээр хүргэлээ. Яг л хөдөөгийн иргэдийн хүсэн хүлээсэн асуудал байсан учраас шийдэл, хүлээсэн хүлээлт их байна. Засгийн газрын хувьд дэмжье хэрэгжүүлье гээг дээр санал нэг байгаа. Одоохондоо цогцоор нь хэрэгжүүлэх боломж нь төсөвт байхгүй учир олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх асуудлыг ярина гэсэн байгаа. Миний хувьд “Шинэ хөдөө Булган” гээд эхлэлийг нь тавихаар аймгийн төсөв дээр нэмж тусгуулаад явж байна. За мөн Босоо тэнхлэгийн замын хүрээнд хэд хэдэн сумыг холбох асуудлыг тавьж байна. Ямартай ч энэ асуудлуудыг эхлүүлээд явж байгаагаа хэллээ. Иргэд маань бас их урамтай байх шиг байна.

-Өнгөрсөн тавдахь өдөр Ерөнхийлөгч танай яаманд ажилласан. Энэ үеэр ядуурлыг бууруулахад зам тээвэр дэд бүтцийн салбарын гүйцэтгэх үүрэг их. Тэр дундаа ЗТХ-ийн яамны хамт олноос ихийг хүлээж байгаа гэж байсан?

- Тийм ээ. Ерөнхийлөгчийн хувьд ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үед, миний ТНБД-аар ажиллаж байх хугацаанд манай яамнаас санаачлан хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд одоо үргэлжлээд явж байгаа.

Тиймээс энэ төслүүдээ цааш нь үргэлжлүүлэх, хурдавчлахад анхаарах хэрэгтэй.  Энэ нь эргээд ядуурлыг бууруулах гол хөшүүрэг болно.  Амьжиргааг дээшлүүлэхэд гол позицийг хийх яам нь Зам тээврийн хөгжлийн яам шүү гэсэн байгаа. Зам тээврийн яамны хувьд тээврийн салбарын хөгжилтэй уялдаад ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлал, худалдаа, хамтын ажиллагаа гээд олон суурь асуудлын үндэс нь болдог учраас иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол хөшүүрэг нь болно гэдэг утгаараа ингэж хэлсэн байх.

 Ер нь төрийн  үйлчилгээ иргэдрүүгээ чиглэсэн, төр хувийн хэвшил, иргэдийн уялдаа холбоог хангахад голлон анхаарах ёстой. Үүний үр дүнд тэдний  амьдрал, амьжиргаа нь дээшилсэн, бүтээн байгуулалт нэмэгдсэн,  ААН- үүдийн  орлого нь өссөн байх ёстой.  Төрийн үйлчилгээ гэдэг чинь нэг талаасаа иргэддээ хүрч үйлчлэх, бодлого шийдвэр нь тэдний төлөө л гэсэн зарчим дээр явдаг. Тэр утгаараа салбарын сайдын хувьд ч яамныхаа удирдлагууд, харьяа газрынхандаа хүний төлөө гэсэн сэтгэлээр ажилланаа гэдгийг хэлж байгаа.  

-Таны Булган аймагт ажиллаж байгаа энэ хоёр хоногт олон арга хэмжээ давхцаж байна. Яг одоо Амар сайдын тухай түүхэн баримтат уран сайхны кино нээлтээ хийж байна. Мэдээж сайд болоод завгүй яваа энэ мөчид нутагтаа тэр болгон ирээд ажилаад байх нь багассаж байгаа байх?

-Ачаалал ихэссэн шүү. Гэхдээ сайд болсон гээд орхилгүй аймаг орон нутгийнхаа ажилд аль болох оролцоод дэмжээд, шийдвэр гаргах хүрээнд өөрөөсөө хамаарах ажлуудаа амжуулж байна. Өмнө нь 7 юм уу 14 хоногтоо хагас бүтэн сайнаар ирчихдэг байсан бол сая 2 сар шахам болж ирлээ. Иргэдтэйгээ уулзахын зэрэгцээ олон сайхан арга хэмжээнд оролцож байна, уулзая гэж хүсэлт тавьсан хүмүүсээ нэгийг нь ч үлдээлгүй уулзаад явж байна. Сая Монгол төрийн мэргэн сайд гэж түүхэнд мөнхөрсөн А.Амар сайдын тухай баримтат киноны нээлтэнд оролцлоо. Булганчууд алдартнууд анхдагчид төдийгүй түүхийн хуудсанд Монгол төрийг залах мэргэн ухаанаараа гайхагдаж үнэлэгдэж явсан тухай  тусгасан нь хойч үедээ үлдээх үнэтэй өв болжээ гэж  харж байна. Удахгүй уран сайхны кино ирэх жил нээлтээ хийх байх.

Зам мөн Төрийн албан хаагчдын "Хөгжилд дэвшилд хамтдаа" сарын аяны хаалт болж тангарагаа өргөсөн залуучуудтай уулзаж захиас даалгавараа өглөө.  Төрийн үйл ажиллагаа жигд, чадварлаг явахад төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас маш их хамааралтай.  Нэгд тэдэндээ урам өгөх ёстой. Салбартаа тэргүүлэгч,  мэдлэг боловсролтой хүмүүс байх талаас нь анхаарах ёстой. Хоёрт мэдээж ард түмэнд үйлчилж байгаа гэдэг утгаараа шуурхай, нээлттэй, хүртээмжтэй, чадварлаг, хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой гэдэг талаас нь бас ярилцлаа.  За мөн энэ өдрүүдэд аймгийн МАН байгуулагдсаны 80-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаан болон тэмцээн уралдаанд оролцсон тамирчиддаа баяр хүргэлээ гэхчилэн олон ажлуудыг амжууллаа.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2017-11-28 15:49:12
2017 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.