ТЭЭВРИЙН УХААЛАГ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

"Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр "-ийн төслийг боловсруулаад байна.

Уг хөтөлбөрийн төсөлд  2019 оны 04 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл дараах хаягаар санал авч байна.

 

Автотээврийн салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нэргүйбаатар

Цахим хаяг: nerguibaatar@mrtd.gov.mn

Холбоо барих утас: 62263212

Төсөл  

ТЭЭВРИЙН УХААЛАГ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол улс эдийн засаг болон нийгмийн хөгжлийн үйл явцаа илүү үр дүнтэй, нийтийг хамарсан, нэгдмэл болгохын тулд олон саад бэрхшээлтэй тулгарч байна. Өргөн уудам газар нутаг, тархай суурьшмал байдал, иргэдийн шилжилт хөдөлгөөн өсч байгаа зэргийг тооцвол, одоо байгаа зам тээврийн дэд бүтцийг сайжруулахын тулд энэ чиглэлд зарцуулах хөрөнгө оруулалтыг маш зөв, эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөх зайлшгүй шаардлагатай байна.

Тээврийн ухаалаг системийг сайтар төлөвлөж, нэгдсэн байдлаар хэрэгжүүлснээр одоо байгаа дэд бүтцийг илүү үр дүнтэй ашиглах, илүү аюулгүй болгох цаашлаад зам тээврийн салбарын зардал буурах зэрэг давуу талтай. Ялангуяа тээврийн ухаалаг систем нь зам тээврийн дэд бүтцийг үр дүнтэйгээр ашиглах боломж олгодог тул одоо байгаа зардлыг бууруулах, хэмнэсэн зардлаар нэмэлт дэд бүтэц хөгжүүлэх, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж зам тээврийн багтаамжийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой.

Улаанбатар хот 2010 онд гэрлэн дохионы хяналт, тээврийн хэрэгслийн дугаар таньдаг камер, мэдээллийн самбар, хяналтын камерийн систем бүхий замын хөдөлгөөний удирдах төвийг байгуулж анхны тээврийн ухаалаг системийг нэвтрүүлсэн. Гэвч өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй ачааллыг дагаж системийг дорвитой сайжруулаагүй бөгөөд зөв арчилгаа хийгээд нягт хамтын ажиллагаа хангалттай бусаас болж системийн бүтээмж, үр дүн хангалттай биш байгаа юм.

Улаанбаатар хот 2015 онд нийтийн тээврийн автобусны ухаалаг карт, удирдлага болон мэдээллийн системийг хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор нэвтрүүлсэн ч тус систем өнөөг хүртэл бүрэн бус бөгөөд замын хөдөлгөөний удирдлагын төв болон автобус удирдлагын төв хоорондоо бүрэн холбогдоогүй.

Орон нутгийн зорчигч тээврийн автобуснуудын байршлыг хянахаас өөрөөр тээврийн ухаалаг системийг орон нутагт нэвтрүүлээгүй. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, авто пүү голдуу гар аргаар буюу нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, орон нутгийн замуудад шуурхай холбооны систем байхгүй, мөн тээвэр логистикийн салбар одоог хүртэл тээврийн ухаалаг системгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын болон орон нутгийн захиргаа нь үндэсний хэмжээний тээврийн ухаалаг системийн бодлого, архитектур, стандарт болон хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөгөөнд (технологи, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө) тулгуурлаж нэгдсэн байдлаар төслүүдийг хэрэгжүүлэхийн оронд хоорондын уялдаа холбоогүй, өөр өөрсдийн бие даасан байдлаар хэрэгжүүлж байгаа нь үр дүн багатай байна.

Хөдөө орон нутагт засмал замын хүрэлцээ дутмаг болон хязгаарлагдмал нэвтрүүлэх чадвартай хотын зам бүхий Монгол улсад уялдаа холбоо бүхий сайтар төлөвлөсөн тээврийн ухаалаг систем зайлшгүй шаардлагатай байна. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зохицуулалт, үйлчилгээг сайжруулах замаар хотын бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжуудыг судлах, байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт өсөлт авчирна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.118-д эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх, Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2-д заасан бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зэрэг зорилтууд тусгагдсан.

АХБ-ны техникийн туслалцааны хүрээнд тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх суурь судалгааг хийлгэсэн бөгөөд энэхүү судалгаанд үндэслэн Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Тээврийн ухаалаг системийг шат дараалалтай, амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж замын түгжрэлийг бууруулна.

Зорилт 2. Дэвшилтэт технологи дээр суурилсан мэдээлэл түгээх үйлчилгээг нэвтрүүлнэ.

Зорилт 3. Зорчилтын мэдээллийг цуглуулж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээврийн үйлчилгээний бодит цагийн мэдээллийг иргэдэд хүргэх замаар аюулгүй, таатай зорчих нөхцлийг бүрдүүлнэ.

Зорилт 4. Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлсэнээр тогтвортой тээврийн орчныг бий болгоно.

 

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 2019-2023 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2.3.1. Нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаа /2019-2020/

2.3.2. Хоёрдугаар үе шат буюу дунд хугацаа /2021-2023/

 

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. Замын хөдөлгөөнийг зохицуулж түгжрэлээс урьдчилан сэргийлэх;

3.1.2. Замын хөдөлгөөний дэвшилтэт удирдлагын системийг нэвтрүүлж замын хөдөлгөөнийг бодит хугацаанд зохицуулах;

3.1.3. Иргэдэд замын ачааллын бодит цагийн мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх замаар зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх;

3.1.4. Замын хөдөлгөөний талаарх судалгаа шинжилгээний ажлыг тогтмол хийж, үр дүн, үр нөлөөг үнэлж тооцдог болох.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. Замын нөхцөл байдал, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг дэвшилтэт технологи дээр суурилан хүргэх/түгээх;

3.2.2. Зам, барилгын ажил гүйцэтгэх зэрэг тодорхой шалтгааны улмаас зам хаагдсан нөхцөлд мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэх замаар замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх;

3.2.3. Зам дээр үүссэн нөхцөл байдлыг хурдан тодорхойлж, шуурхай үйлчилгээ үзүүлэх (Тээврийн хэрэгсэл эвдрэх, цаг агаарын онц ноцтой үзэгдэл, замын нөхцөл байдал г.м);

3.2.4. автотээврийн мэдээллийн нэгдсэн системийн мэдээллийн санг өргөтгөн хөгжүүлэх;

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. Хүүхэд аюулгүй бүс болон бусад зам тээврийн осол бага гардаг бүсэд зам тээврийн ослыг бууруулах замаар аюулгүй, таатай зорчих орчинг бүрдүүлэх;

3.3.2. Хурд, гэрлэн дохионы зөрчлийг илрүүлэх системийг нэвтрүүлж зам, тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах;

3.3.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах;

3.3.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжигч байгууллага, хамт олныг сурталчлах, алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулах.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. Чиглэлийн мэдээлэл хүргэх үйлчилгээ, нийтийн тээврийн төрлүүдийн хооронд шилжин суух боломжийг бий болгох замаар нийтийн тээврийг хөгжүүлж байгаль орчны бохирдлыг бууруулах;

3.4.2. Нийтийн унадаг дугуйны үйлчилгээг нэвтрүүлж байгаль орчинд ээлтэй тээврийн төрлийг бий болгох.


Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө:

4.1.1. Замын хөдөлгөөний түгжрэл буурна.

4.1.2. Тээвэрлэлтийн аюулгүй байдал дээшилнэ.

4.1.3. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө буурна.

4.2. Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө:

4.2.1. Тээвэрлэлтийн болон логистикийн зардал буурна.

4.2.2.  Тээвэрлэлтийн үр ашигтай шийдлийг хөгжүүлнэ.

4.2.3. Институцын болон санхүүгийн удирдлага дээшилнэ.

4.2.4. Хөдөлгөөний хяналт бусад олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлснээр бүтээмж дээшилнэ.

4.3. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

Тав. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр,
шаардагдах хөрөнгийн хэмжээ

5.1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1. улс, орон нутгийн төсөв;

5.1.2. гадаад улс, олон улсын байгууллагын хандив, тусламж;

5.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, хөрөнгө;

5.1.4. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.

6.2. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангана.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх бөгөөд зам, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

7.3. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сараас доошгүй хугацааны дараа үр дүнд суурилсан явцын үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно.

7.4. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ хийлгэж, тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн үр дүнг Засгийн газарт танилцуулна. 

---оОо---

Дуусах өдөр: 2019-04-29

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.