Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл болон тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл

баримтлалын төсөл болон тогтоолын төсөлд санал авах тухай

 

Товч танилцуулга

Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан.

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын одоо хүчин төгөлдөр байгаа заалт:

3.8.Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэлийг хангах зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд (Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар) хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн зах зээлийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална.

3.9.Гадаад улсын үндсэн нислэгийн чиглэлээс Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримталж, үндэсний компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, ижил тэнцүү орчинд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.

Өөрчлөх төсөл:  

3.8. Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг, багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална.

3.9.Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлана.

 ““Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал, тогтоолын төсөлд саналаа 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор munkhtuya@mrtd.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Харилцах утас: 6226 3171

Зам, тээврийн хөгжлийн яамны 210 тоот өрөө.

Төсөл

 

““Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал

1. Тогтоолын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталснаас хойш 2016 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” тус тус батлагдсан.

Мөн Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийн “Нисэхийн аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн олон улсын нөөц нисэх буудлыг байгуулах, зарим нисэх буудлыг өргөжүүлэн хөгжүүлж, агаарын зайн багтаамж болон иргэний нисэхийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд иргэний нисэхийн салбарт бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилготой Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд “төрөөс баримтлах бодлого”-ыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, түүнд заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд салбарын болон салбар хоорондын хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг гэж тодорхойлжээ.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 8.4.-т “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна.” гэж заасныг үндэслэн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг 2013 оноос хойш батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн, хөгжлийн үзэл баримтлал, үндэсний хөтөлбөрүүдийн зорилго, зорилттой уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулахаар байна.

2. Тогтоолын төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Тогтоолын төсөл нь ““Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах талаар нэг заалттай байна.

3. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, хүрэх үр дүн, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, судалгаа, шинжилгээнд болон нөөц бололцоонд үндэслэсэн байх зэрэг зарчмыг тодорхойлжээ.

Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу боловсруулан батлуулна. 

Тогтоолын төсөл батлагдсаны дараа иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах эрх зүйн зохицуулалт тодорхой болох бөгөөд нийгэм, эдийн засгийн аливаа сөрөг үр дагавар гарахгүй болно.

4.Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай уялдсан байдал, уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль, тогтоомжийн  талаарх санал.

Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн.  

Тогтоолын төсөл батлагдсанаар шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль, тогтоомж байхгүй болно.

 

---

 Төсөл

 

 

 

 

 

Монгол Улсын Их Хурлын тогтоол

 

2018 оны ... дугаар сарын ....- ны өдөр

Дугаар ...

Төрийн ордон

Улаанбаатар хот

   

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого

батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

 

Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8. болон 3.9. заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

“3.8. Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг, багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална.

 

3.9.Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлана. “

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

PDF  хувилбар татах

 

 

 

Дуусах өдөр: 2018-03-26

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.