Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

С.Мөнхнасан: Хөшигийн хөндий нисэх буудал 2018 оны тавдугаар сард ашиглалтад орно

2017/03/16
С.Мөнхнасан: Хөшигийн хөндий нисэх буудал 2018 оны тавдугаар сард ашиглалтад орно

Зам тээвэр хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцтай Зам тээврийн хөгжлийн яам болон улсын комисс ажиллаж нэлээд зөрчил илэрснийг мэдээлсэн. Одоо ямар ажлууд хийгдэж, бүтээн байгуулалт ямар шатандаа явж байна вэ?

-Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх буудлыг гэрээний дагуу Японы талын гүйцэтгэгч компаниас нэгдүгээр сард Зам тээвэр, хөгжлийн яам хүлээн авсан. Үүнээс өмнө Иргэний нисэхийн газраас техникийн комисс ажилласан. Дараа нь сайдын тушаалаар улсын комисс ажилласан. Улсын комисс болон техникийн комиссын шалгалтаар нэлээд зөрчил гарсан. Гарсан зөрчлийг шалгалтын явцад арилгаж, монголын талд Хөшигийн хөндий нисэх буудлын гол барилга байгууламжийн ажлыг хүлээлгэн өгсөн. Зарим зөрчлүүд дулааны улиралд хийх шаардлагатай учраас түр хойшлуулсан. Гэхдээ үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах барилга байгууламжууд гэрээний дагуу хийгдэж дууссан байна. 

-Комиссын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгасан гэлээ. Ингэснээр Хөшигийн хөндий нисэх буудал хэзээнээс албан ёсоор ажиллаж эхлэх юм бэ?

-Илэрсэн зөрчлөөс хамаараад үйл ажиллагаа эхлэхгүй байгаа зүйл байхгүй. Хөрөнгө оруулагч нартай хийсэн гэрээний дагуу зөвхөн нисэх буудлын барилга байгууламжийг хүлээн аваад байгаа. Ойролцоогоор 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулж байна. Цаашид эдгээр барилга байгууламжийг нислэгийн үйл ажиллагаанд бэлдэх шаардлагатай байгаа. Нислэгийн тоног төхөөрөмжийг суурилуулах, турших, байгууламжийг тохижуулах, хэрэглэгчдэд үйлчлэх цэгүүдийг тогтоох зэрэг олон ажил  төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Хөшигийн хөндий олон улсын нисэх буудал 2018 оны тавдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж, зорчигчид хүлээн авахаар тооцож байна. Ер нь олон улсын жишгээр шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад хамгийн багадаа нэг жилийн бэлтгэл ажил зайлшгүй шаардлагатай байдаг. Бүх барилга байгууламжийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн ажилд нэлээд хугацаа шаардана.

-Шинэ нисэх онгоцны буудлыг дагасан бүтээн байгуулалтын ажлууд хийгдээгүйгээс ашиглах хугацаа хойшилж байна уу. Тухайлбал, нисэх буудал руу тавих хурдны замын бүтээн байгуулалт дуусаагүй байгаа шүү дээ?

-Шинэ нисэх онгоцны буудлын гол байгууламж нь Японы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Хоёрт, төсвийн хөрөнгө оруулалтаар зарим байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх ёстой. Үүнээс гадна нэмэлт зээлээр санхүүжиж байгаа ажлууд бий. Тухайлбал, зорчигч, ажилчдад зориулсан дулаан грааж, лэндшафтын ажлууд, навигацийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил ид хийгдэж байгаа бөгөөд нэмэлт зээлээр хэрэгжих ажлууд энэ оны аравдугаар сард дуусна. Төсвийн хөрөнгөөр захиргааны барилга, авиадромын засвар үйлчилгээний төнөг төхөөрөмжийн барилга, ачаа шуудан үйлчилгээний барилгыг барина. Одоогоор төсвийн хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Энэ жилдээ багтаж ашиглалтад оруулах боломжтой. Түүнчлэн гуч гаруй км хурдны замыг  Хятадын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа бөгөөд газар шорооны ажил дуусах шатандаа орсон.  Гэрээгээр хурдны замыг 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулах хуваарьтай ч яамны зүгээс нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх 2018 оны тавдугаар сард хамтад нь ашиглалтад оруулах чиглэлийг гүйцэтгэгч талд чиглэл өгсөн. Агаарын хөлгийн ангарын байгууламжийг агаарын тээврийн компаниуд өөрсдөө барьж байгуулахаар төлөвлөж байсан. Түүнчлэн катрингийн байгууламжийг хувийн хэвшлийнхнээр бариулахаар төлөвлөж байсан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байснаас шалтгаалан эдгээр байгууламж баригдаж эхлээгүй байна. Цаашид санхүүжилтийг нь шийдвэрлэх нэлээд хэдэн хувилбарыг судалж байна.

-Нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийг дагуул хот болгоно гэж ярьдаг. Энэ чиглэлд шинэ төсөл, санаачилга бий юу?

-Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тусгаснаар шинэ нисэх буудлыг зорчигч тээврийн зангилаа төв болгох, эдийн засгийн чөлөөт бүс болгох, дагуул хот бий болгох зэрэг олон асуудал багтсан. Шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөөг 2009 оноос хийсэн. Үүнийг шинэчилж, тодотгохоор Барилга хот байгуулалтын яаман дээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нисэх буудалтай зэргэлдээ Төв аймгийн төлөвлөлт, цаана нь баригдаж байгаа "Майдар эко сити", Богд хаан төмөр зам, Босоо тэнхлэгийн хурдны замын төслүүдтэй уялдуулан хот төлөвлөлтийг шийднэ.

-Шинэ нисэх буудлын хүчин чадал болон давуу талаас дурдвал?

-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нислэгийн аюулгүй байдал олон улсын шаардлагад бүрэн нийцнэ. Чингис хаан нисэх онгоцны буудал нь хөөрөх, буух нэг чиглэлтэй. Хойноосоо хөөрч, хойноосоо буудаг учраас цаг агаарын тааламжгүй үед олон улсын нислэгүүд цуцлагдах, хойшлох зэрэг эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдал үүсдэг. Тэгвэл Хөшигийн хөндийн нисэх буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдсан байна. Одоо байгаа нисэх буудлын хөөрөх, буух ашиглалт 80 хувьтай байхад шинэ нисэх буудал 98 хувийн ашиглалттай байна. Энэ хэрээр эдийн засгийн хувьд ашигтай. Хүчин чадлын хувьд одоо байгаас гурав дахин их буюу жилдээ 3 сая зорчигч хүлээн авах боломжтой. Цаашид өргөтгөх бүрэн боломжтой. Чингис хаан нисэх буудлын 700 гаруй ажилчдаас гадна 500 орчим ажлын байр шинээр нэмэгдэх боломж бий.

-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Чингис хаан нисэх буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Жаран жил ашиглаж, шинэчлээд ирсэн Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх нь хайран. Яамны зүгээс үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Бага оврын онгоцны сургалтын байгууламж бий болгох, завсар үйлчилгээний төвүүдийг нь хэвийн ажиллуулахаар төлөвлөж байна.

-2017 оны хувьд агаарын тээврийн салбарт ямар шинэчлэл, бүтээн байгуулалт хийгдэх вэ?

-Энэ онд нэлээд хэдэн улстай агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилж байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийнэ. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд дотоодод болон олон улсад шинэ чиглэл нээхээр ажиллаж байна. Төрийн өмчит МИАТ компани тавдугаар сараас Улаанбаатар-Бусаны чиглэлд, арваннэгдүгээр сараас Улаанбаатар-Бангкокгийн чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. 2017 онд багтан ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Хөтөлбөр батлагдсанаар бага оврын агаарын тээврийг хөгжүүлэх, ашиглах боломж нээлттэй болно. Заавал том онгоцоор олон тоотой зорчигч тээвэрлэх биш, цөөн тооны зорчигч тээвэрлэх зээлийн хэрэгцээ шаардлагыг хангасан агаарын тээврийг хөгжүүлнэ. 

 

Эх сурвалж: itoim.mn

 

 

С.Мөнхнасан: Хөшигийн хөндий нисэх буудал 2018 оны тавдугаар сард ашиглалтад орно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх