Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Транзит тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг сургалтад хамруулна

2017/03/10
Транзит тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг сургалтад хамруулна

Далайд гарцгүй улс орнууд аль тивд оршдогоос үл хамааран нийтлэг тулгардаг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг. Монгол Улс далайд гарцгүй гарах гарцгүй ч газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр логистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой.

 

Тиймээс манай улс газар зүйн байрлалын энэхүү байдлаа ашиглан Ази-Европыг холбосон тээвэр логистикийн төв болох боломжтой бөгөөд транзит тээврийг хөгжүүлснээр далайд гарах боломж бүрдэх төдийгүй тээвэр логистикийн салбараас олох орлого нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг бууруулах боломж бүрдэх юм.

 

Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэлтийг зохион байгуулах, хяналт тавих мэргэжилтнүүд болон тээвэрлэгч жолооч нарыг сургах сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Олон улсын автотээврийн холбоо /IRU/-тай хамтран энэ сарын 24, 27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тээвэрлэгч жолооч нар “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт энэхүү сургалтад хамрагдсанаар ТИР карнейн хүрээнд тээвэрлэлт хийх сертификаттай болох боломжтой юм.

 

Энэхүү сертификат олгох сургалтыг манай улс дотооддоо зохион байгуулдаггүй бөгөөд Олон улсын автотээврийн холбооноос зохион байгуулдаг. Цаашид дотооддоо тус сургалтыг зохион байгуулахаар сургагч багш нарыг Олон улсын автотээврийн холбоотой хамтран бэлтгэж байна.

 

Олон улсын автотээврийн холбоо 1948 онд Европын найман улсын 14 автотээврийн үндэсний холбоод хамтран Женевт үүсгэн байгуулсан ба өнөөдрийн байдлаар дэлхийн таван тивийн 100 гаруй орон гишүүнээр нэгдсэн орсон. Манай улс ТИР карнейн хүрээнд аливаа ачааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай конвенцод 2001 онд нэгдэн орсон. Энэхүү конвенц нь автотээврийн хэрэгслээр ачаа барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх явдлыг хөнгөвчлөх, ачааг илгээгч улсын гаалийн байгууллагаас хүлээн авагч улсын гаалийн байгууллага хүртэл хөнгөвчилсөн горимоор тээвэрлэх нөхцөл юм.

 

ТИР транзит системийг хөгжүүлэх ажил дэлхийн 2-р дайны дараагаар НҮБ-ын Европ дахь эдийн засгийн хорооны ивээл дор хэрэгжиж эхэлсэн ба анхны ТИР-ийн гэрээ 1949 онд Европын цөөхөн хэдэн улсын хооронд хийгдэж байжээ. 1975 оны 11 дүгээр сард НҮБ-ын эдийн засгийн хорооны ивээл дор ТИР конвенцыг тунхаглан баталж, тус конвенц нь 1978 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

 

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 86 тоот тогтоолоор ТИР конвенцын хүрээнд ачаа барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд таслах хуудас бүхий дагалдах дэвтэр /ТИР карней/-г олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрт карнейтай холбоотой үүсэх хариуцлага хүлээх, баталгаа гаргах эрхийг Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоонд олгосон болно.

Транзит тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг сургалтад хамруулна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх