Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд холимог тээвэр чухал ач холбогдолтой

2016/11/02
Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд холимог тээвэр чухал ач холбогдолтой

Зам тээврийн хөгжлийн яам шинэчлэн байгуулагдаад 100 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тээврийн салбарын хөгжил, аюулгүй байдал иргэдийн ая тухтай зорчих тал дээр түлхүү анхаарал хандуулж эхэлжээ. Тухайлбал Монгол болон ОХУ Улаан-Үүдийн чиглэлд холимог тээврийн коридорыг нэвтрүүлэх туршилтыг амжилттай эхлүүлээд байна. Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд туршилтаар эхлүүлэв. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлд автобус, галт тэрэг, орон нутгийн зорчих тээвэр гээд олон тасалбар авах шаардлагагүй боллоо гэсэн үг.

Монгол ОХУ 2 харилцан визгүй зорчдог болсноор иргэдийн харилцан зорчих урсгал өдөр бүр нэмэгдсээр байна. Энэ урсгалын бодит аюулгүй байдлыг хангахад анхаарч холимог тээврийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр иргэд төмөр замаар зорчих түүнлэн авто тээвэр гэсэн сонголтыг нэг дор эдлэх боломжтой болж байна. Тухайлбал зорчигч Улаанбаатар хотоос Сэлэнгийн боомт хүртэл төмөр замаар зорчоод цааш авто тээврээр явж болох юм.

Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулгын хэлснээр холимог тээврийн энэ үйлчилгээг цаашид агаарын тээвэртэй холбож үйлчилгээг илүү түргэн шуурхай, чирэгдэл багатай байх талаас шийднэ. Хамгийн гол нь энэхүү туршилт, судалгааны үр дүнгээс хамаарч уг үйлчилгээ бүрэн утгаараа нэвтрэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн зорчигчид олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраас ТҮЦ машинаар дамжуулж онлайнаар тасалбараа захиалах боломжтой. Мөн нэг тасалбартай болсноор Улаанбаатараас Улаан-Үүд явах тасалбарын үнэ ч тодорхой хувиар буурах аж.

Эхний удаад Улаан-Үүд чиглэлд туршилтыг хийж байгаа юм. Цаашид урд хил чиглэлд мөн хөдөлгөөн үйлдэх боломжтой гэдгийг хэлж байлаа. Цаашлаад ганцхан газраар биш агаараар мөн холимог тээврийн үйлчилгээ үзүүлэхээр судлаж байгаа юм байна. Тээврийн салбарт ийм шинэчлэл орж байгаагаас гадна цахимаар тасалбар захиалж автомат машинаар мөн тасалбар авч болохоор болсон юм.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн тээвэр, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Т.Мөнхцэцэг хэлэхдээ “Зорчигчдыг аюулгүй, найдвартай, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх нэг төрлийн боломж бүрдэх гэж байна. Энэ чиглэлийн туршилтын ажил ч амжилттай боллоо. Бидний судалгааны ажил амжилттай болвол нэгдсэн нэг тасалбараар зорчигиддоо нэг цэгт үйлчлэх юм” гэлээ. Мөн “Зэлтэрийн зам” компанийн захирал Г.Лхагвачулуун “Холимог тээврийн энэхүү үйлчилгээ цаг үеэ олсон маш зөв шийдвэр гэж үзэж байна. Өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 15-аас ОХУ  руу иргэд харилцан визгүй зорчдог болсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд ОХУ руу их хэмжээгээр зорьчдог болсон. Алтанбулаг, Хиагтын боомт ч 24 цагаар ажилладаг боллоо. Үүнтэй уялдуулаад “Улаан-Үүд Байгаль нуурын чиглэлд хоёр шөнө, нэг өдрийн аялалд явна” гэсэн зар маш их явж байгаа. Гэтэл бодит байдал дээр автобус ч юм уу ямарваа тээврээр орой 20:00 цагт Улаанбаатараас зорчигчдыг суулгаад шөнөдөө явсаар өглөө нь Улаан-Үүдэд очдог. Өдөржингөө зорчигчдоо хотоор явуулж байгаад орой нь дахиад автобусаар тээвэрлээд явдаг. Гэтэл жолооч нарын ажиллах ачаалал, ажлын алдагдах эрсдэл бий болохоос гадна зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэлээ.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас 100 хоногийн хугацаанд нэвтрүүлж эхлээд байгаа иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд анхаарсан энэхүү шинэлэг үйлчилгээнд зорчигчид илүү ам сайтай байлаа. Тээврийн салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан иргэдийн цаг хугацаа, санхүү хэмнэх, илүү аюулгүй, найдвартай зорчих боломжийг олгох энэхүү холимог тээврийн нэг тасалбарт үйлчилгээний туршилт, судалгаа амжилттай болвол ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Цаашдаа агаарын тээвэр, бүх орон нутгийн чиглэлийг хамруулах судалгаа хийгдэж буйг албаныхан онцолсон юм. 

Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд холимог тээвэр чухал ач холбогдолтой  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх