Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Ганбат: Авто замын сүлжээг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна

2016/10/21
Д.Ганбат: Авто замын сүлжээг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж байгаа билээ.  Тэрээр өмнө нь иргэний нисэх, төмөр зам, авто тээврийн төлөөллүүдтэй уулзсан бол өнөөдөр авто замынхантай уулзлаа.

 

Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар салбарынхантай ийнхүү зөвлөлдөж буй юм.

 

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж, авто замын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийгдсэн талаар онцоллоо. Тус яамнаас орон нутагт зорчих нийт иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс 2016 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл тусламж, концессын хөрөнгө оруулалтаар томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ.

 

Авто замын сүлжээнд эзлэх хатуу хучилттай авто замын урт 2015 оны байдлаар 44.7 хувьд хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор зэрэг 15 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон бөгөөд цаашид энэ ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөөгол дээрх 272.7 у/м төмөр бетон гүүр, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлжчиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан байна.

 

Мөн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэнтасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт 342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 у/м төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангасан талаар сайд танилцуулгадаа дурдлаа.

 

БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

 

Мөн Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын 0-22.5 дахь км-т авто замын барилгын ажил үргэлжилж байгаа аж.

 

Ургац тээвэрлэх Шаамар сум-Зүүнбүрэн сум-Цагааннуур сум-Түшиг сум чиглэлийн 109 км хайрган хучилттай авто зам, Ерөө сум-Шандын даваа-Хазайн бригад хүртэлх 40 км хөрсөн зам, Хүдэр сумаас Ерөө сум хүртэлх 50 км сайжруулсан болон хайрган хучилттай авто зам болон Хазайн голын 7 у/м модон гүүрийн засвар арчлалтад шаардлагатай 274.8  сая төгрөгийг 2016 оны улсын төсөвт тусгуулж, засварын ажлыг хийж дуусгасан.

 

Авто замын бүтээн байгуулалтад шинэ технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Барилгын технологийн институцтэй хамтран “Монгол Улсын зам барилгын үйлдвэрлэлд сайжруулсан бүлээн асфальт хольцыг нэвтрүүлэх, нутагшуулах”, “Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальтбетон технологийг нэвтрүүлэх, нутагшуулах”, ОХУ-ын Техникийн их сургуультай хамтран “Бүлээн асфальбетон хучилтыг нэвтрүүлэх, нутагшуулах ажлын хүрээнд полимер болон эрдэс нэмэлтийн лабораторийн туршилт”, “Авто зам, гүүрийн барилга, засварын машин механизмын машин цагийн жишиг үнэ тооцох дүрмийг боловсруулах, машин цагийн тарифыг шинэчлэн боловсруулах” норм, судалгааны ажлуудыг тус тус хэрэгжүүлж  байна.

 

Цаашид автозамын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд дараах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд: Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн авто замын барих ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамыг шинээр барих гэнэ. Түүнчлэн Авто замын засвар арчлалтын хугацааг уртасгах, чанарыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай нэмэгдүүлэх юм байна.      

 

Дээрх зорилтын хүрээнд авто замын салбарт ирэх дөрвөн жилд Олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замыг бүрэн ашиглалтад оруулах, үлдэж буй зургаан аймаг болох Дорнод, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, хилийн боомтуудыг аймгийн төвүүдтэй холбох ажлыг эхлүүлж, орон нутгийн хөгжил болон тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн чанартай авто замыг үе шаттайгаар барьж байгуулах, нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, хотын баруунаас зүүн, хойноос урд чиглэлд хурдны зам барих, гүүрэн гарц, дугуйн зам барих зэрэг арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр ирэх 4 жилд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгажээ.

 

Уулзалтын үеэр авто замчид олон чухал санал санаачлага хэлж байсан бөгөөд хамгийн гол нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. Мөн автозамын салбарыг сайжруулахад авто замын сайжруулах хөтөлбөр гаргах хэрэгтэй бөгөөд автозамчидад зориулсан сургалт явуулах, авто замын салбараа тогтвортой байлгах зэрэг чухал асуудал тулгамдаад байгааг хэллээ.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт 2016 онд хүрсэн амжилтаа бататгаж, эхлүүлсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх зорилтдоо хамтдаа хүрэхэд нийт авто замчидтайгаа уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

 

 

 

Д.Ганбат: Авто замын сүлжээг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх