Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

С.СУМЪЯАДОРЖ: ЭНЭ ОНД НЭГ САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2016/10/12
С.СУМЪЯАДОРЖ: ЭНЭ ОНД НЭГ САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

-Төмөртэй өртөө анхныхаа ачилтыг хийснээс хойш өнөөг хүртэл хэчнээн тонн төмрийн хүдэр ачив?

-Манай өртөө өнөөг хүртэл нийт 600 мянга гаруй тонн төмрийн хүдэр ачсан. Хоногтоо 75 вагон төмрийн хүдэр ачиж байна. Дээр нь, бид өртөөний үйл ажиллагаа эхэлж байхад Хүдэр сумаас нийгмийн чанартай ачаа, барааг тээвэрлэх боломжтой гэж ярьж байсан. Одоогоор манай өртөөнд ХАА-н болон жижиг уурхайнуудын түлш бууж байна. Мөн зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэлтгүй хувийн компаниуд дотооддоо болон экспортод төмрийн хүдэр тээвэрлүүлэх хүсэлтээ ирүүлж л байгаа. Ажил ихсэхийн хэрээр ажилчдын тоо нэмэгдэж, одоогийн байдлаар Төмөртэй өртөө 70 гаруй ажилтантай боллоо. Цаашид төмрийн хүдрийн үнэ өсөх хандлагатай байна. Тиймээс Төмөртэй өртөөний ажил нэмэгдэх нь дамжиггүй. Мөн Хүдэр сум гэлтгүй ойролцоох сумдын ногоо, тариа зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүнийг ч тээвэрлэх бүрэн боломж бий. Энэ онд бид нэг сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Намрын ургац хураалтын ажил ер нь шувтрах шатандаа орлоо. Одоогийн байдлаар танайхаар газар тариалангийн бүтээгдэхүүн тээвэрлүүлсэн, эсвэл тээвэрлэхээр гэрээ байгуулсан хувь хүн, компани байна уу?

-Ер нь, хүмүүс ирж уулзаж, тээвэрлүүлэх тухай ярилцаж байна. Түүнээс биш албан ёсоор гэрээ байгуулсан юм одоогоор алга.

-Төмрийн хүдрийн ханш өсөх хандлага байгаа бол ачилт ч нэмэгдэх байх. Тэгвэл хоногт ачиж буй 75 вагон ойрын хугацаанд хэд болж нэмэгдэх хандлагатай байна вэ?

-Хэрвээ үйлчлүүлэгч байгууллага тээвэрлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэвэл мэдээж вагоны тоо 100, 150 гээд дээшээ нэмэгдээд явна л даа.

-Ачилт нэмэгдлээ гэхэд вагон хангалттай байж чадах уу?

-Хоногт 75 вагон төмрийн хүдэр ачиж тээвэрлэлт хийхэд 600 орчим вагон эргэлдэж байна. Энэ нь МТЗ, УБТЗ-ын вагонууд. Одоогоор элдэв хүндрэлгүй ачилт хэвийн явагдаж байна. Зүтгүүрийн хувьд “МТЗ” ТӨХК-ийн гол замын гурван зүтгүүр, сэлгээний нэг зүтгүүртэй ажиллаж байна. Цаашдаа тээвэрлэлт нэмэгдвэл мэдээж вагон хүрэлцэхгүй болох асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг бусад суурь бүтцийн вагонуудыг түрээслэх байдлаар шийдэх боломж бий.

-“МТЗ” ТӨХК Төмөртэй өртөөг эзэмшилдээ авснаар нэлээд хугацаа өнгөрлөө. УБТЗ, “БТЕГ” хоёрын суурь бүтцээр дамжин танай төмрийн хүдэр БНХАУ руу гардаг. Зам ашиглалтын талд энэ хоёр байгууллагатай хамтран ажиллахад тулгарах хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Шинэ тутам үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хооронд ажлын уялдааг сайжруулах, ажлаа хөнгөвчлөх зэрэг асуудлууд гарах нь зүйн хэрэг. Өдөр тутмын ажлуудыг анхан шатны аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад шийдвэрлээд явж байна. Үүнийг тухай бүрт нь хамтран шийдвэрлээд явж ирлээ. Гэсэн ч тээвэрлэлттэй холбоотой асуудлууд гарч ирсээр л байна. Үүнийг аль аль талдаа ашигтайгаар нэг мөр болгож шийдвэрлэхээр бусад байгууллагатайгаа хамтран ажиллаж байна. Дээр нь бид Төмөртэй өртөөнөөс Хандгайт хүртэл 75 вагоноо ачаатай нь хүлээлгэж өгөөд хоосон вагоноо буцаагаад татдаг. Уг нь бидний санаа бол Хандгайтаас нааш Цагаан хаалга хүртэл өөрийнхөө гол замын зүтгүүрийг шууд явуулах. Тэгээд Цагаан хаалганаас хоосон вагоноо татах сонирхолтой. Үүнийг шийдвэрлэхийн тулд хоёр талаасаа ажиллаж байгаа л даа.

-Дархан, Сэлэнгийн бүс нутаг бол төмрийн хүдрийн арвин нөөцтэй. Тэнд төмрийн хүдэр олборогч компаниуд шинээр нэмэгдэж байна уу?

-Сэлэнгэ аймагт тоймтойгоос гурван компани төмрийн хүдэр зөөвөрлөж байна. “БТЕГ” бол хувийн төмөр замтай учраас тээвэрлэлтээ өөрөө хийдэг. “Эрдэс” компани Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хажууханд олборлолт явуулж, тэндээ хүдэр баяжуулах үйлдвэр барьж байгаа.

-Нэг үе нүүрс Монгол Улсын эдийн засагт илүү жин дардаг байсан бол цаашид төмрийн хүдэр нэлээд том байрыг эзлэхээр байна. Ирэх жилээс тээвэрлэлт нэмэгдвэл танай ачилт, буулгалтын зам хэр хүрэлцээтэй вэ?

-Зам, талбайн хувьд хангалттай. Төмөртэй өртөө ачилтын хоёр талбайтай. Дээр нь, Хандгайт өртөөнд “МТЗ” ТӨХК-ийн ачилтын талбай бий. Энэ талбайг одоогоор ашиглахгүй байгаа. Энэ талбай хүсэлт тавьж буй компаниудад нээлттэй.

-Ажилчдын гурван давхар орон сууц барих талаар өмнө нь ярьж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Ажилчдын орон сууцны газрын асуудал шийдэгдсэн, харин барилгын ажил эхлүүлэхэд цаг хугацааны хувьд боломжгүй болчихлоо. Тэгэхээр ирэх хавар дулаарахаар барилгаа барьж эхэлнэ. Тэр болтол ажилчдын түр орон сууц нүүлгэж аваачаад ажилчдаа байрлуулсан байгаа.

-Төмөртэй өртөө “МТЗ” ТӨХК-ийн зуун хувийн өмч болсон уу?

-Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолоор энэ төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “МТЗ” ТӨХК-д шилжүүлж өгсөн байгаа.

С.СУМЪЯАДОРЖ: ЭНЭ ОНД НЭГ САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх