Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлнэ

2016/10/11
Үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа хүлээж аваад 100 хоног болж буйтай холбогдуулан зам, тээврийн салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа билээ. Тэгвэл өчигдөр авто тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид зам, тээврийн салбарт баримтлах бодлого, шийдвэрлэх асуудлаа танилцууллаа. Автотээврийн салбар Монголын тээврийн бусад төрлүүдээс хамгийн ууган нь бөгөөд үйлчилгээг хэрэглэгчдэд хаалганаас хаалганд хүргэж өгдөг хамгийн өргөн хүрээг хамарсан салбар гэдгийг сайд уулзалтын эхэнд онцолсон.

 

Бүх төрлийн тээврээр 2016 оны эхний хагас жилд 16.2 сая тонн ачаа тээвэрлэсний 43.8 хувь нь, давхардсан тоогоор 133.7 сая зорчигч тээвэрлэсний 98.8 хувийг нь автотээврээр үйлчлүүлсэн тооцоо судалгаа бий. Автотээврийн салбарт өнөөгийн байдлаар 20 гаруй мянган хүн ажиллаж байгаа ажээ. Мөн энэ оны эхний хагас жилд 7.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 132.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 0.6 сая тонн буюу 7.4 хувь, зорчигчид 23.7 сая хүн буюу 15.2 хувиар буурчээ.

 

Түүнчлэн автотээврийн орлого 198.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөг буюу 0.6 хувиар буурчээ. Харин манай улсад 2016 оны аравдугаар сарын 01-ний байдлаар 830039 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 482551 буюу 58.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй гэнэ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн дунджаар 65 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагдаж,авто машин өөрөө явагчийн албан татвараа төлжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уулзалтын үеэр автотээврийн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр “Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж үйлдвэрлэл, худалдаа хил хязгааргүй өргөжиж байгаа энэ үед зам, тээврийн салбарын эрхэм зорилгыг “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх явдал мөн” гэж тодорхойлсон” хэмээн хэллээ.

 

Сайд Д.Ганбат саяхан орон нутагт ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрсний тээвэрлэлттэй газар дээр нь танилцаад ирсэн талаараа нийт тээвэрчиддээ танилцууллаа. Ямар нэгэн бодлого, зохион байгуулалтгүй тээвэрлэлтээс болж хүний амь нас эрсдэж, осол гарч, жолооч нар эрүүл мэндээрээ хохирч байгаа дүр зурагтай байгаа тул энэ тал дээр нарийн зохион байгуулалт шаардлагатай байгааг ярьж байв.

 

Мөн тээвэр зуучийн 200 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ихэнх нь стандартын шаардлага хангахгүй байгааг шүүмжиллээ. Тиймээс ачаа тээврийн үйлчилгээнд тээврийн зохистой бодлого,зохицуулалтын зөв механизмыг бүрдүүлэх, тээвэрлэлтийн үйлчилгээнд цахим хяналт, бүртгэлийн систем нэвтрүүлэх, жолоочийн ажил амралтын дэглэм, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тогтвортой, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэв.

 

Тээвэр логистикийн үйлчил­гээг хөгжүүлэх замаар дотоодын ачаа тээврийн үйлчил­гээг зохицуулах, төмөр замын тээвэр, агаарын тээврийн үйлчилгээтэй холбогдон ажиллах, аливаа ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгааг ч хэлж байв. Монгол Улс Засгийн газраас өнөөдрийн байдлаар есөн улсын Засгийн газартай улс хоорондын болон дамжин өнгөрөх автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулж, олон улсын таван конвенц, хоёр хэлэлцээрт нэгдэн оржээ.

 

Монгол - Орос - Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны арванхоёрдугаар сард байгуулах бөгөөд тус ажлын хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын Тээврийн яамдын дэмжлэг дор Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан юм. Сайд уулзалтын үеэр зам, тээврийн салбарт баримтлах бодлогуудаа танилцуулах үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгааг хэлж байв.

 

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг 2017 онд хэрэгжүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээгээр тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг арилгах, ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, авто үйлчилгээний үйл ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах тул нийт тээвэрчид үүнд идэвх санаачлагатай ажиллахыг уриалав. Энэхүү хөтөлбөрийн хү­рээнд техникийн хяналтын үз­лэ­гийн тоног төхөөрөмжийг шинэч­лэх, зөвлөн туслах үйл­чил­гээг нэвтрүүлэх, тоног төхөө­рөм­жийг баталгаажуулах зэрэг араг хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ шинэ санал, санаачлага гаргаж буй тээвэрчид, авто тээврийн ажилтан, албан хаагчдыг дэмжиж ажиллахаа сайд илэрхийлэв.

 

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хэрэглэгчдийн үйл ажиллагаа, төрөл, хүчин чадлаас хамааруулан тухайн авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох, засвар үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, засвар үйлчилгээнд баталгаа гаргах зэрэг тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг шинэчлэх, хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлнэ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх