Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Ганбат: Дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана

2016/10/10
Д.Ганбат: Дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдтэй өнгөрөгч Баасан гаригт уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Үдээс өмнө Иргэний нисэхийн салбарынхантай уулзсан бол үдээс хойш төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзаж, харилцан санал солилцсон юм. Энэхүү уулзалтад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг УБТЗ ХНН, “МТЗ” ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв болон “БТЕГ” компани зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөл хамрагджээ. Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан зорилт, арга хэмжээний талаар салбарынхантай ийнхүү зөвлөлдөж буй аж. Уулзалтын үеэр салбарын сайд төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай явагдаж ирсэнийг хэлэв. Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдан Ази-Европын хооронд ачаа, тээврийн урсгал нэмэгдэж буй өнөө үед хоёр тивийг холбосон төмөр замуудын нэг болох Монгол Улсын төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийтээр харах болсон талаар уулзалтын эхэнд онцоллоо. Тиймээс ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас өөрийн орны төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөрш орнуудын төмөр замуудын галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт  нэгдэн орж, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах боломжийг бий  болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн УБТЗ-ын техникийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд төмөр замын тээврийн коридорын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах шаардлага урган гарч буйг ч хэлсэн юм. Түүнчлэн, УБТЗ-ын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг багасгах, тарифын уян хатан бодлогыг боловсруулах, хөрш орнуудын техникийн хөгжилтэй зэрэгцэн алхах боломжийг бий болгохын тулд  техник, технологийн дэвшилтэт шинэчлэлийг нэвтрүүлэх, шинэ санаачлагыг хөхүүлэн дэмжих, түүнтэй зэрэгцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, чадавхжуулах  зэрэг чиглэлд анхаарах шаардлагатай байгаа аж. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шинээр байгуулагдсан Засгийн газрын 100 хоногийн хугацаанд төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд хийсэн зарим ажлуудыг танилцуулав.

 

Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа Бүс нутгийн тээвэр, логистикийн төвийг хөгжүүлэх төсөлд шаардлагатай төмөр зам, барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газраар шийдвэрлүүлсэн байна. Энэхүү логистикийн төвийн барилгын ажлыг 2019 онд дуусгахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн тээврийн дэд сайд нарын түвшний гурван талт уулзалтыг ирэх сард эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад буй аж. Мөн Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төсөл, Хөөтийн уурхайгаас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэлх төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах, УБТЗ нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх зэрэг олон ажил биеллээ олж буй талаар сайд Д.Ганбат онцоллоо.

 

 Тэрбээр, Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмөр замын тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, 2017 онд   Хөөт-Бичигт чиглэлийн 222 км, Шивээхүрэн-Сэхэ боомтын 13 км, Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэн 2020 онд барилгын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлж, 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Төмөр замын тээврийн салбарт дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Монгол Улсын дотоодын төмөр замын сүлжээний урт 1200 орчим км-ээр нэмэгдэх юм. Үүний үр дүнд Монгол Улсын дэд бүтцийн өрсөлдөх чадвар дээшилж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн зардал буурах, уурхайн олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг салбарынхан хэлж байлаа. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэх, тээвэр, логистикийн сүлжээний үйлчилгээ, хүртээмж сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн өндөр өгөөжийг бий болгох ач холбогдолтой юм байна.

Уулзалтын үеэр Вагоны албаны дарга Л.Болд “Логистикийн төв байгуулах, хөдлөх бүрэлдэхүүн, вагон угсралтын үйлдвэртэй болох, дэд бүтэц хоорондын харилцааг зохицуулах асуудлууд яригдаж байна. Эдгээр асуудлыг ЗТХЯ бодлогын түвшинд хэрхэн шийдэх гэж байна вэ?” хэмээн асуув. Хариуд нь Зам, тээврийн хөгжлийн сайд “Замын-Үүдэд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй логистик төв ашиглалтад ороод манай төмөр замын байгууллагуудын өмчлөлд байна. Гэхдээ Азийн хөгжлийн банктай Сангийн яамны байгуулсан хэлэлцээрт “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн мэдэлд өгч болох юм” гэсэн өгүүлбэр бий. Тэгэхээр манай яамны байр сууь тийм биш. Хил дээр шилжүүлэн ачин үйл ажиллагааг хувийн компани биш гурван улсын хэлэлцээрийн дагуу эрх бүхий төмөр замын байгууллага хийх ёстой гэдгийг дэмжиж байгаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны буудлын дэргэд холимог тээврийн лигистик төв байгуулна. Энэ төвөөр Азийн авто замын сүлжээний АН-3 зам буюу Алтанбулаг-Замын-Үүдийн өндөр хурдны зам дайран өнгөрнө. Мөн Богдхан төмөр зам холбогдоно. Тэгэхээр Тяньжин дахь 10 га газарт байгуулах, Замын-Үүдийн, мөн Хөшигийн хөндийн эдгээр логистик төв хоорондоо уялдаа холбоотой байх юм. Ингэснээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүний экспортыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулахд дөхөм болно гэж үзэж байгаа” гэсэн юм.

 

Д.Ганбат: Дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх