Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 94 хувьтай байна

2016/09/20
Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 94 хувьтай байна

 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажлын явцтай танилцлаа. Энэхүү үйл ажиллагаанд тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн зэрэг албаны хүмүүс байлцав.

 

Бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны 1 дүгээр сард дуусгахаар төлөвлөсөн бөгөөд уг төслийн хэрэгжилт одоогийн байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.  Бүтээн байгуулалтын ажилд 2016 оны зуны оргил ачаалалтай үед өдөрт 2700 гаруй гадаад, дотоодын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд ажиллаж, 300 орчим машин механизм, техник, тоног төхөөрөмж ашиглажээ. Төслийн үндсэн ажлуудыг гүйцэтгэх 50 орчим ерөнхий туслан гүйцтэггэгч компани ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 70 гаруй хувь нь Монгол Улсын дотоодын аж ахуй нэгжүүд байгаа талаар Төслийн захирал Н.Энхбат танилцуулав. Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлуудаас төмөрбетон хийц цутгах, ган хийц угсрах, хөөрч буух зурвас, явгалах зам, онгоцны зогсоолын хучилтын ажлын явц, барилгууд дотор тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил дуусжээ.

 Өнөөдрийн байдлаар барилгуудын дотоод засал, архитектур, сантехник, цахилгаан халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, галын хамгаалалтын систем, гаднах инженерийн шугам сүлжээ, дулааны шугам сүлжээ угсарч суурилуулах дутуу ажлуудыг дуусгах, зарим зам талбай, автомашины зогсоолын асфальт хучилт хийх, будган тэмдэглэгээ хийх, барилгуудын доторх тэмдэглэгээ хийх, борооны ус зайлуулах систем, агаарын навигацийн систем, аюулгүй байдал,  хамгаалалтын систем, зорчигч бүртгэлийн систем, шатахуун сумалгааны байгууламжийн барилга угсралт, системийн угсралт суурилуулалт, ачаа тээшний систем болон нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дулааны зуухны байгууламжийн систем, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, нисэх буудлын хамгаалалтын хашааны төмөрбетон ган хийц угсрах зэрэг ажлууд хийгдэж байна.

 

Түүнчлэн Монголын Засгийн газрын хөрөнгөөр Налайх-Хөшигийн хөндий хүртэл 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татаж дэд станцыг байгуулах, интернэт, холбоо мэдээллийн шилэн кабель татах ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулжээ. Мөн нисэх буудлын гаднах үерийн хамгаалалтын далан барих, Өндөр довоос төслийн талбай хүртэл авто замыг барьж байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа аж.

 

Төлөвлөгдсөн ажлуудаас Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх захиргааны барилга, ачаа, шуудан тээврийн болон аэродромын засвар үйлчилгээний барилгуудын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэйгээр удааширч байгаа аж. Түүнчлэн шатахуун сумалгааны системийг туршихад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Сонгино-Туулын дэд станцын барилгын ажил хугацаандаа дуусаагүйгээс үүдсэн санхүүгийн алдагдлын асуудал байгааг төслийн захирал танилцууллаа. Шатахуун сумалгааны системийг туршихад шаардлагатай хөрөнгийг анхнаасаа төслийн санхүүжилтэнд оруулах ёстой байсан гэдгийг ИНЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн хэлж байв. Салбарын сайд төслийн ажилтай танилцах үеэрээ дэд станцын барилгыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, хэд хэдэн удаа төлөвлөсөн товоо хойшлуулж алдагдал авчирсан компанитай хариуцлага тооцохгүй ажиллаж ирсэн талаар шүүмжиллээ.  

 

Мөн тэрээр Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын төслийн явцтай танилцсан юм. БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  тавигдаж буй Монголын анхны хурдны авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй. Гэхдээ төлөвлөгдсөн зарим ажил хугацаандаа гүйцэтгэгдэж чадахгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийнхан ярьлаа.

Учир нь газар чөлөөлөлтийн асуудал удааширч байгааг  сайдад дуулгаж энэ асуудлыг хотын удирдлагуудтай ярилцаж даруй шийдвэрлэж өгөх хүсэлтийг сайдад тавьж байсан. Монголын анхны хурдны авто зам нь БНХАУ-ын хурдны авто замын стандартаар тавигдаж байгаа аж. Гүйцэтгэгч компани болоод зөвлөх компаниудын туршлагыг ашиглаж Монголын хурдны авто замын стандартыг даруй боловсруулж батлуулах, хурдны авто замаар явах автомашины хурдны дээд хязгаарыг тогтоох зэрэг ажлыг даруй  боловсруулж танилцуулахыг сайд Д.Ганбат энэ үеэр холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын талаас 100 гаруй ажилтан хамрагдсан гэдгийг төслийнхөн мөн хэллээ.

Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 94 хувьтай байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх