Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн дэд сайд нар гацаатай байсан асуудлуудыг хамтран шийдвэрлэв

2016/08/19
Зам, тээврийн дэд сайд нар гацаатай байсан асуудлуудыг хамтран шийдвэрлэв

Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-ны өдөр Алтанбулаг боомтоос тээвэрлэлтээ эхлүүлэн, БНХАУ-ын Тяньжин боомтод үргэлжилж байна.

Тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийн удирдлагууд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Тяньжин боомтод уулзаж, зам тээврийн хамтын ажиллагаа, эдийн засагт оруулах хувь нэмэр, тулгарч буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцлоо. Уулзалтад Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шиаомин, ОХУ-ын Тээврийн яамны харьяа “РОС автотранс” УТҮГ-ын Ерөнхий захирал, Оросын талын ерөнхий зохицуулагч Двойных Алексей болон гурван улсын зам, тээврийн салбарын төлөөлөгчид, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Монгол-Хятад-Орос гурван улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт тусгагдсан 32 төсөл бүхий цогц арга хэмжээний гурван төсөл нь энэхүү олон улсын транзит тээврийн үйл ажиллагаатай уялдаж байгааг уулзалтын эхэнд онцлон дурдсан юм. Мөн БНХАУ болон ОХУ-ын зам, тээврийн удирдлагуудад хандан олон жилийн туршид хамтдаа хөгжин дэвшиж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад идэвхитэй хамтран ажиллахыг уриаллаа. Тэрээр “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Хятад, Орос гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах чиглэлээр БНХАУ-ын Тээврийн яамнаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр ОХУ-ын зам, тээврийн салбарынхан энэхүү хэлэлцээрт илүү ач холбогдол өгч, цаашид хамтран ажиллахад бүхий л хүч бололцоогоо дайчлан, тулгамдсан асуудлуудыг хугацаа алдалгүй шийдэж ажиллана гэлээ.

Тяньжин – Улаанбаатар - Улаан-Үд хооронд олон улсын туршилтын ачаа тээврийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа нь цаашид энэ чиглэлд хийгдэх олон улсын тээвэрлэлт тогтмолжихийн илрэл гэдгийг талууд санал нэгтэйгээр онцолж байв.

Мөн БНХАУ-ын төлөөлөгчид Тяньжиний “Тээвэр ложистик төв” төслийг эхлүүлэхэд энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаа гол түлхэц болох талаар дурдаад цаашид тээвэр ложистикийг хөгжүүлэх чиглэлээр нягт уялдаатай хамтран ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна хамтын ажиллагааны олон давуу тал, үр өгөөжийг бий болгох ач холбогдолтойг дурдсан. Тиймээс БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шиаомин энэхүү төслийг урагшлуулах талаас нь бүхий л боломжоор дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэхүү транзит тээврийн үйл ажиллагаа нь гурван улсын түүхэнд бичигдэх томоохон үйл явдал бөгөөд Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны зам”, Оросын “Евроазийн эдийн засгийн коридор” байгуулах санаачлагын хүрээнд гурван улсын хамтын ажиллагаа, төрийн тэргүүнүүдийн нэгдсэн бодлогоор шийдэгдсэн чухал ажлуудын нэг болж буйгаараа онцлог юм.

Ийнхүү гурван улсын зам, тээврийнхэн эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, хөгжлийн стратегиа уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтдаа хөгжих түүхэн хуудас нээгдлээ.

Энэхүү олон улсын транзит тээвэрлэлтийн үйл ажиллагаа нийтдээ 2152 км зам туулах бөгөөд Монгол-Хятад-Орос гурван улсын 11 томоохон хот, боомтуудыг дайран өнгөрөх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой тээврийн замыг нээж буйгаараа онцлог юм.

 Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлтттэй. Өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг. Мөн Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг. Харин авто замаар тээвэрлэлт хийхэд энэхүү хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон энэхүү ачаа тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д ачаа бараа экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэж байна.

Энэхүү гурван улсын транзит цуваа энэ сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод ирэх бөгөөд Монгол талаас нээлтийн арга хэмжээ зохион байгуулахаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зэрэг байгууллагууд ажиллаж байна. Тус ёслолын арга хэмжээний хүрээнд гурван улсын тээврийн цувааг ГЕГ, МХЕГ, ЗЦГ, ХХЕГ, ИХШХЕГ зэрэг байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр угтан авахаар төлөвлөжээ.

Зам, тээврийн дэд сайд нар гацаатай байсан асуудлуудыг хамтран шийдвэрлэв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх