Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Б.Баатар: Хөгжлийн түүчээ төмөр замчин мэргэжлээрээ бахархдаг

2016/08/04
Б.Баатар: Хөгжлийн түүчээ төмөр замчин мэргэжлээрээ бахархдаг

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 78 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Үйлдвэр, техникийн хэлтсийн Хөдлөх бүрэлдэхүүний хэсгийн ахлах инженер, МУ-ын Зөвлөх инженер Бизъяагийн Баатартай ярилцлаа.

-Танд Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч, хөгжсөний 78 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Та төмөр замын салбарт хэдий хугацаанд ажиллаж байна вэ? Ажил амьдралын түүхээсээ хуваалцаач?

-Төмөр замын салбарт 26 жил ажиллаж байна. 1990 онд ЗХУ-ын /хуучнаар/ Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Вагоны инженер, механик мэргэжлээр төгсөж ирж байлаа. Анх “УБТЗ” ХНН-ийн Баянтүмэн тасагт Вагон үзэгчээр ажлынхаа гарааг эхлэж байсан юм. Тэр үед сургууль төгсөөд ирсэн инженерүүдэд аливаа ажлыг  багаас нь хийлгэж сургаж байсан. Вагон үзэгч гэдэг нь вагонд үзлэг, засвар хийнэ, алх бариад дугуйг нь тогшоод явдаг ажил шүү дээ. Түүнээс эхлээд л бүх шатны ажлыг хийлгэдэг байлаа. Энэ нь ажилчин хүний ажил ямар байдгийг, ямар хариуцлагатай гэдгийг мэдрүүлж, тэр хэмжээгээр дээд мэргэжил эзэмшсэн нэгэнд ажлыг зөвөөр ойлгож таньж мэдэх их сургууль болдог байсан.

Төмөр замчны ажлыг багаас нь хийгээд эхлэхээр хүмүүсийн ажлыг зөвөөр ойлгох, үнэлэх, хэнд ямар ажил хариуцуулж болох вэ гэдгийг мэддэг болох гээд амьдралын туршлагатай болгодог байсан. Би Баян түмэнд ажиллаж байгаад Ахлах вагоны үзэгч болж, Техник үйлчилгээний даргаар ажилласан. Дараа нь УБ хотод Суудлын вагон депод цехийн мастераар шилжин ажиллаж байлаа. Үүний дараагаар Авто тоормозын зааварлагч хийж үзлээ. Энэ нь Монгол Улсын төмөр зам дээгүүр явж буй бүх галт тэрэг, вагоны автомат тоормозын аж ахуйг хянаж шалгах, удирдах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдох чухал хариуцлагатай ажил байсан. Мөн Төмөр замын техникумд багшилж байлаа. Энэ хугацаандаа хоёр анги дааж төгсгөсөн, шавь нар маань одоо бүгд мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа. Вагон депогийн Ерөнхий инженер, даргаар ажиллаж байгаад “МТЗ” ТӨХК-д ажиллаж эхэлсэн дээ.

-Вагоны инженер хэмээх мэргэжлийг яагаад сонгох болов?

-Би төмөр зам ч гэж сайн мэддэггүй, кино, зурагтаас л харж байсан, түүнээс цааш ойлголтгүй хүүхэд байлаа. Яг намайг хуваарь авч байх үед Төмөр замын сургуулийн хуваарь таарч, Москва юмуу Ленинградад суралцах сонголт байсан юм. Тухайн үедээ гадаадад суралцах зорилготой хуваарь сонгож байсан. Харин сурч байх явцдаа маш сайхан, чухал мэргэжил гэдгийг ойлгож, улам хичээж эхэлсэн дээ.

-Таны ажил мэргэжлийн бахархал юу вэ?

-Улс эх орныхоо ард түмэн, зорчигчид болон хэрэгцээ шаардлагатай ачаа тээврийг галт тэргээр найдвартай, аюулгүй, бүрэн бүтэн тээж тээвэрлэж, хүргэж өгөх нь инженер хүний гол бахархал шүү дээ. Төмөр зам бол улс орны хөгжлийн хөгжлийн түүчээ гэж ярьдаг, бүхний урд явдгаараа онцлог. Төмөр замчин гэдэг ойлголт дотор зүтгүүрч, вагонч, замч, холбооч гэх мэт олон мэргэжил бий ч энэ бол цогц ойлголт юм.

-“Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдаад найман жилийн ойгоо угтаж байна. Компани байгуулагдаж байсан талаар дурсаач?

-Миний хувьд шинийг хийж, бүтээе гэсэн эрмэлзэл их байсан. Тэр үед шинээр үндэсний төмөр замын компани байгуулж байна гэхэд маш их олзуурхаж байлаа. Тухайн үед Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Батболд намайг урьж, анх тус компанийн Үйлдвэр, техникийн хэлтсийн дарга Д.Нямлхагвын хамт ирж, ажиллаж байлаа. Анх бид 6-7 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхлэж байсан бол өдгөө 100-аад ажилтантай өнөр өтгөн хамт олон болсон байна. Компанийн анхны ажилтнууд үйл ажиллагааны холбогдолтой төслүүдээ өөрсдөө боловсруулж Засгийн газарт өргөн танилцуулж байлаа. Компанийн эзэмшилд буй зүтгүүр, ачааны вагонуудыг анх БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлж, оруулж ирж байсан. Энэ бүхнийг эргээд харахад дурсгалтай санагддаг юм.

-Та Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг ямар түвшинд байгаа гэж боддог вэ?

-Манай улсын төмөр замын хөгжил дэлхийн жишигт нийцэж чадна. Учир нь манай улсаар олон орны тээвэрлэлт дамжин явагддаг. Гадаадын аялал жуулчлалынхан ч их зорчиж байна. Тэгэхээр хүнд үйлчлэх, хүний хэрэгцээг хангах талаасаа дэлхийн жишигт нийцэж байна гэж хардаг. Бидэнд өндөр хурдны галт тэрэг байхгүй ч гэлээ, зарим оронд төмөр зам ч байхгүй гэдгийг бодох хэрэгтэй. Дэлхийн жишигтэй харьцуулаад үзэхэд манай улсад харьцангуй сүүлд буюу 78 жилийн өмнө төмөр зам тавигдсан. Зах зээл, ардчилсан нийгэмд сүүлд шилжсэн орон шүү дээ. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтыг улс төржүүлэхгүй байгаасай гэж хүсдэг. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсны дагуу тодорхойүе шатанд хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадвал бидэнд илүү ихийг хийж бүтээж, хөгжих боломж байгаа. Монгол Улсын төмөр зам хоцроогүй, бэлтгэгдсэн түвшинд байгаа. Мөн төмөр замд хэрэглэгддэг дүрэм журам, заавар зарчмын хувьд бүх оронд ижилхэн хэрэгжиж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Монголынхоо нийт төмөр замчиддаа болон компанийнхаа бүх ажилтнуудад Монгол Улсад Төмөр замын салбар үүсч хөгжсөний 78 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний алтан шар зам тань өлзийтэй байх болтугай!

 

Б.Баатар: Хөгжлийн түүчээ төмөр замчин мэргэжлээрээ бахархдаг  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх