Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: “Эйр Астана” төлөвлөсөн нислэгээ үйлдэж чадахгүй болсны бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй

2016/05/24
М.Зоригт: “Эйр Астана” төлөвлөсөн нислэгээ үйлдэж чадахгүй болсны бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй

 

 

Зам, тээврийн сайд М.Зоригттой иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-"Эйр Астана" компанийн нислэгийг ИНЕГ-аас зогсоосон гэсэн мэдээлэл олон улсад цацагдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Ямар учраас Астана-Улаанбаатар-Астана чиглэлийн нислэгийг цуцлах болов?

-Казакстаны "Эйр Астана" авиа  компани хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэхээр томилгоогоо аваад удаж байна. Тус компани энэ оны зургаадугаар сараас нислэг үйлдэнэ хэмээн төлөвлөсөн байсан.  Гэхдээ манай улсын ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газар болон бусад холбогдох газруудад хүсэлтээ тавьж нислэгийн аюулгүй ажиллагааны үзлэг шалгалтаа хийлгүүлж олон улсад мөрдөгддөг дүрэм, тэр тусмаа манай улсын иргэний нисэхийн 129 гэдэг дүрмийн дагуу гадаадын агаарын тэээвэрлэгч компанид нислэг үйлдэхийг зөвшөөрсөн гэрчилгээ авах ёстой. Энэ гэрчилгээ нь одоогоор олгогдоогүй байгаа.

-Яагаад?

-Олгох явц үргэлжилж байна. “Эйр Астана”  төлөвлөсөн хугацаандаа нислэг үйлдэж чадахгүй болонгуут Монголын талаас болж цуцлагдлаа гэж мэдээлж байгаа нь тухайн компанийн өөрсдийнх нь буруу үйлдэл. Өөрсдийнхөө хийгээгүй үйлдлийг бидэнд нялзаах гэсэн арга гэж харж байна. Гадаадын агаарын тээвэрлэгч компанид гэрчилгээ олгох үйл явц энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд ИНЕГ-аас хяналтын байцаагч Казакстанд нэг удаа очиж хяналт шалгалт хийсэн. Байцаагч гэрчилгээ олгож болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ гэрчилгээ олгохын өмнө олон нөхцөл байдлаар шалгах шаардлага байдаг. Эдгээр шалгалтын нэг нь гадаадын компани манай улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэхэд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдгийг нягтлах. Энэ бол чухал үзүүлэлт. ИНЕГ-ын удирдлагууд ч ийм саналтай байгаа. Яагаад гэхээр Казакстан улс нийт 20-иод авиа компанитай. Тэдгээрийн 19 нь Европын холбооны улсуудад нислэг үйлдэхийг хориглосон авиа компаниудын хар жагсаалтад орсон байдаг. Зөвхөн энэ "Эйр Астана" компани зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ энэ компани Европын холбоонд зөвшөөрөгдсөн гэдгээр манай улс шууд нислэг үйлдэх гэрчилгээ олгож болохгүй.  Аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ гэж байдаг. Үүнийг дахин хийх шаардлагатай гэж  ИНЕГ-ын дарга эрхийнхээ хүрээнд үзсэн юм билээ. Тиймээс дахин шалгалт, үзлэг хийе гэдгийг ИНЕГ-аас Казакстаны талд мэдэгдсэн. Энэ шалгалтыг 7, 8 сард хийе гэж төлөвлөсөн байна лээ. Шалгалт хийгдсэний дараа гэрчилгээ олгогдвол нислэг төлөвлөгдөж тийзны үнэ тарифаа батлуулаад явах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар агаарын тээвэр хийх гэрчилгээгээ аваагүй, дээр нь хоёр улсын агаарын хэлэлцээрийн дагуу зорчигчийн тийзний үнээ батлуулаагүй байж тийзний борлуулалт хийчихсэн, маш их зардал гарсан гээд манай талын төр засгийн удирдлагуудад цаашлаад олон улсад Монголын ИНЕГ буруутай мэтээр мэдээлэл цацаж байгаад харамсч байна. Нөгөө талаар энэ компани харин ч бүр эргэлзээ төрүүллээ. Хэрэв иймэрхүү байдлаар нислэг үйлдэх гэж байгаа улсынхаа иргэний нисэхийн байгууллагыг гүтгэсэн байдлаар хандах юм бол "Эйр Астана" компани өөрөө ер нь ямар компани вэ, нислэгийн аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу гэдгийг бүр нарийн шалгах шаардлага үүсч байна.

-Нислэг цуцлагдсан гэх мэдээлэлтэй нь холбогдуулж "Эйр Астана" компанид хандсан уу?

-Ирэх наймдугаар сард бид дахин үзлэг шалгалт хийсний үндсэн дээр гэрчилгээ олгох эсэх асуудлыг шийднэ гэдгээ мэдэгдсэн байгаа. Үүнд хариу ирүүлээгүй байна.  Тухайн компанийн санаагаар бол манай улсын Гадаад хэргийн яам, Засгийн газарт хандаж захиргааны журмаар шийдвэрлүүлэх гээд байгаа бололтой. Нислэгийн аюулгүй байдлыг хангана гэдэг тусдаа асуудал. Тусдаа хууль, дүрэмтэй.  2009 онд Астана ИКАО-д шалгуулаад их тааруу дүн үзүүлсэн байдаг. Тиймээс Европын холбооноос өөрийн нутаг дэвсгэр дээгүүр нисгэхгүй гээд хар жагсаалтдаа оруулсан юм байна. 2014 онд дахиж шалгуулаад 2009 оныхоос арай дээр, гэхдээ дэлхийн дундаж үнэлгээ 63.7 хувьтай байхад Казакстан 65.5 гэсэн үнэлгээ авсан байдаг. 2009 оны шалгалтад унасан хамгийн гол асуудал нь агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлт бүр нойл байсан. ИНЕГ-ын даргын тушаалаар байцаагч томилогдож очоод шалгалт хийснээр нислэг үйлдэх боллоо гэж ойлгож болохгүй л дээ. Казакстаны тал танай талаас байцаагч ирээд шалгалтаа хийгээд явчихсан гэдэг байдлаар бас хандаад байх шиг байна. 

-Тэгвэл Астана-Улаанбаатар-Астана чиглэлийн нислэг зарлагдаж тийз борлуулснаас үүдэлтэй хохирол манай талд хамаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Манай тал нислэгийг гэнэт цуцлаад зорчигчдод хохирол учруулсан асуудал биш. Иргэдэд хохирол учруулсан бол “Эйр Астана” компани хариуцах болно.

-Манай улс Европын холбооны улсуудад шинээр нислэгийн чиглэл нээх гэж байгаа гэсэн. Тухайлбал, Франкфуртын нислэг хэзээнээс дахин нисэх гэж байна?

-Франкфуртын нислэг ирэх зургадугаар сарын сүүлчээс эхэлнэ. Энэ нислэг  улирлын чанартай. Аялал жуулчлалын ачаалал жил бүрийн зургаадугаар сараас эхэлдэг. Тиймээс зөвхөн Франкфурт ч биш Сөүл, Бээжин, Москва гээд уламжлалт нислэгийн давтамжаа есдүгээр сарын 1 хүртэл нэмэгдүүлдэг. АНУ руу нислэг үйлдэх асуудал МИАТ ТӨХК-ийн стратегийн төлөвлөгөө юм. Агаарын хөлгөөс эхлээд хэзээ бэлтгэл хангагдаж,  хэзээ АНУ-ын дүрэм журам, шаардлагад нийцэх вэ, манай иргэний нисэхийн байгууллага АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагад шалгагдах ёстой гээд олон шат дамжлага, бэлтгэл ажил бий. Эдгээр ажлыг ээлж дараалан хийх ёстой. Эхний алхмуудаа бид хийж эхэлсэн байгаа.

-Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэгийн хэдэн тавдугаар эрх аваад байгаа вэ. Энэ эрхээ хэрхэн ашиглаж байна вэ?

-МИАТ ТӨХК-ийн хувьд Москва, Берлинээс тавдугаар эрхийн нислэг хийх зөвшөөрөлтэй. Бас Сингапурын нислэгийн эрхтэй. МИАТ ашигтай гэж үзвэл хэд хэдэн тавдугаар эрхийн нислэг хийж болно. Тавдугаар эрхийн нислэгийн зөвшөөрлийг гадаад орноос авна гэдэг чухал асуудал. Гэхдээ авлаа гээд бас шууд нислэг хий гэж шахаж шаарддаггүй. Эдийн засгийн үр ашгаас бас шалтгаална.

-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын транзит танхим ашиглалтад орлоо. Транзит зорчигчийн урсгал нэмэгдэж байна уу?

-Транзит заалаа энэ сард бүрэн ашиглалтад оруулчихлаа. Гэхдээ танхим нээгдлээ гээд транзит зорчигч огцом нэмэгдэхгүй. Яваандаа нэмэгдэнэ. Манай улс руу нислэг үйлддэг гадаадын компаниудад транзит танхим ашиглалтад орлоо гэдгээ албан ёсоор мэдээлсэн. Тиймээс авиа компаниуд билет борлуулалтаа бас тооцож борлуулж эхэлсэн байгаа. Өнөөдөр борлуулж байгаа тийзний ихэнх нь хэдэн сарын дараах нислэгийн тийз байдаг. Тиймээс тодорхой хугацааны дараа транзит зорчигчийн урсгал нэмэгдэнэ.

-АСЕМ болохтой холбоотойгоор иргэний нисэхийн салбарт хийгдсэн томоохон ажлууд юу байв?

-АСЕМ-тай холбогдож нисэхийн салбарт хийгдсэн хамгийн чухал ажил бол нислэг, зорчигчийн аюулгүй байдлыг хангах ажил. Төрийн дээд хэмжээний олон зочин, албан тушаалтан ирж буцахад нислэгийн аюулгүй байдлыг хангах нь нисэхийн салбарын гол үүрэг. Сүүлийн 2 жилд энэ чуулга уулзалтад эрчимтэй бэлтгэл хийлээ. ИНЕГ өөрийн хөрөнгө, бололцоогоо ашиглан онгоцны зогсоолыг нэмэгдүүлэх, хөөрч, буух зурвасыг хүчитгэх гээд нэлээд ажил хийсэн. Олон улсын хамгийн том онгоцуудыг хүлээж авах хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөтгөлөө. Нөгөөтэйгүүр транзит танхим, явах, буух зорчигчдын танхимыг засварлаж тохижуулах, үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг нийтдээ 30 орчим тэрбум төгрөгийн ажил хийгээд дуусч байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах ажилтнуудыг сургах, нэг зэрэг олон онгоц хөөрөх, буухыг удирдах нислэгийн удирдагчдаа сургалаа. АСЕМ-ийн яг ачаалалтай үед ажиллах нийт 24 мэргэжилтэн АНУ-д давтан сургалтад хамрагдаж байна.  Газрын тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, сайжруулах, шинэ нисэх буудалд ашиглах тоног төхөөрөмжөө урьдчилан авах, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар мөн тоног төхөөрөмж өгсөн зэргээр бэлтгэл ажил хангагдлаа.

-АСЕМ-ийн гол хурлын үеэр орон нутгийн нислэгийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-АСЕМ-д бэлтгэх Үндэсний хороо хуралдаад гадаадын төлөөлөгчид ирж байгаа тусгай үүргийн нислэг, олон улсын хуваарьт нислэг, орон нутгийн нислэгийг ямар нэг хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулахаар болсон. Орон нутгийн нислэгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаасаа үйлдэнэ. Гэхдээ олон улсын зорчигч төлөөлөгчдийг нэвтрүүлэх хаалгаар давхцуулахгүй өөр хаалгаар бүртгэж  оруулах, хүлээж авахаар түр зохицуулалт хийхээр болсон.

-Мөн Улаанбаатарт нисдэг тэргийн хэд хэдэн зогсоол байгуулах асуудал яригдаж байсан?

-Нисдэг тэрэгний зургаан зогсоолын газрын асуудал шийдэгдсэн. Тухайн сонгосон газруудад нислэг үйлдэхэд тулгарах зарим саадыг зайлуулах, хөрсний шинжилгээ, тэмдэг тэмдэглэгээ хийх ажил төлөвлөгдсөний дагуу хийгдэж эхлээд байна. Тухайлбал, Төрийн ордны хоёр талын шанааны аль нэгэнд Нэгдсэн II эмнэлгийн хашаанд, “АСЕМ вилла” хотхонд, “Шангрила” зочид буудлын ойролцоо эзэмшил хашаанд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Их тэнгэрийн аманд гэсэн зургаан цэгт нисдэг тэрэгний зогсоол байна. Дээрх зогсоолын цэгүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багагүй ажил хийгдэж цаашид байнгын зогсоол болгох юм. Бусад цэгт зарим газарт өмнө нь ашиглагдаж байсан зогсоол байсныг засч сайжруулах, хөрсний шинжилгээ хийх, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах зэрэг бага сага ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түргэн тусламж, онцгой байдлын үед нисдэг тэрэг ашиглахын тулд ийм зохион байгуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

-Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэг хэзээ хэвийн үргэлжлэх вэ. МИАТ-ийн Бойнг-737 онгоц нислэгээ үргэлжүүлэх үү?

-"Аэро Монголиа", "Хүннү эйр" компани Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байна. Баруун гурван аймаг руу том оврын онгоцоор үйлдэх ажил удахгүй хэвийн үргэлжилнэ. МИАТ-ийн “Бойнг-737” онгоц зурвасаас гарсантай холбоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцны хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажил дуусаагүй  байна.

-Хувийн хэвшлийн авиа компаниудыг төр дэмжиж ажиллахаар болж саяхан ЗТЯ, ИНЕГ болон “АэроМонголиа”, “Хүннү эйр” компаниудын хооронд санамж бичиг байгуулсан. Бусад санамж бичгүүдийг бодвол илүү тодорхой “гэрээ” болчих шиг санагдсан?

-Манай яамнаас гаргаж байгаа бодлого тодорхой байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орон нутагт нислэг үйлдэж буй авиа компаниуд олон жил болсон “Фокер-50” онгоцтой. Энэ онгоц нь нислэгийн аюулгүй байдлыг 100 хувь хангаж байгаа гэхэд учир дутагдалтай байна. Тиймээс Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлого, иргэний нисэхийн дүрмийн дагуу арай нас залуу онгоцоор парк шинэчлэлт хийх шаардлага тавигдах болно. Тиймээс төр засгийн зүгээс зүгээр шаардлага тавиад орхих биш дэмжлэг үзүүлье, ингэхдээ эдийн засгийн үр ашгийг нь сайжруулах, эсвэл зорчигчийн тасалбарын үнэ тарифт өөрчлөлт оруулъя гэх биш, нислэгийн аюулгүй байдлыг хангаж парк шинэчлэлт хийхэд нь дэмжлэг үзүүлж шинэ маягийн онгоц оруулж ирэхэд шаардагдах боловсон хүчний сургалтын зардлыг ИНЕГ-аас хариуцъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авиа компаниуд өөрсдөө парк шинэчлэлт хийх, харин шинэ онгоцны нисгэгчийг сургах боловсон хүчинд нь төр бодитойгоор дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Онгоц нас ахих тусам арчилгаа ихтэй, засвар үйлчилгээний зардал өндөр болж ирдэг. Тиймээс хуучин онгоц нисгээд байх нь  эдийн засгийн үр ашиг муутай байдаг учраас парк шинэчлэлтийн бодлогыг авиа компаниуд өөрсдөө ч дуртай хүлээж авч байгаа. Хамтын санамж бичгээр энэ дэмжлэгийг баталгаажуулсан нь үнэхээр төрийн зүгээс бодит, ухаалаг дэмжлэг болж байгаа юм. Тоног төхөөрөмжийг мөнгө байхад бид маргааш худалдаад авчихна. Гэтэл боловсон хүчинг бэлтгэнэ гэдэг хөрөнгө мөнгөнөөс илүү асар их цаг хугацаа шаардаж байдаг. Энэ удаа байгуулсан санамж бичигт орон нутагт тогтмол нислэг үйлдэж буй авиа компаниуд хамрагдсан.

-Ховдоос өөр ямар аймагт орон нутгийн нислэгийг сэргээх вэ?

-Эдийн засгийн үр ашгийн тооцоо чухал. Ямар ч авиа компани тооцоогоо хийгээд ниснэ гэхэд бололцоотой. Төрийн зүгээс бид юуг хангаж өгөх ёстой вэ гэхээр нислэг хийх газрын аюулгүй байдлыг хангаж, аэродромыг бэлэн байлгах ёстой. Өнөөдрийн байдлаар орон нутагт 18 нисэх онгоцны буудал, нөөц аэродром байна. Эдгээрийн заримд нь нислэг үйлдэгдэж байна. Холын аймгуудад нислэг үйлдэхэд зөвхөн тухайн орон нутгийн нисэх буудал аэродром бэлэн байдаггүй. Бусад аймгийн нисэх буудал, аэродром нөөцөөр байнга бэлэн байдалд ажиллаж байдаг. Хүн харахад Улаанбаатар болон нөгөө цэг болох жишээ нь Ховд аймаг хоорондын нислэгийн асуудал мэт харагддаг байх. Гэтэл дунд нь өчнөөн нөөц буудал 24 цагаар ажиллаж нислэгийн аюулгүй байдлыг нь хангаж, хянаж ажиллаж байдаг юм. Тэгэхээр орон нутагт нислэг үйлдэх авиа компаниудад төр байнга дэмжлэг үзүүлж ажиллаж байдаг гэсэн үг. Жирийн иргэд үүнийг ойлгодоггүй. Зөвхөн нэг цэгээс нөгөө цэгт хүрэх нислэгийн асуудал гэж байхгүй, дунд нь нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулагдаж, олон хүн ажиллаж байдаг юм. Тэгэхээр  нөөц бэлэн буудлуудыг ашиглаад хувийн авиа компаниуд нислэг үйлдэх бүрэн боломжтой, төр энэ бэлэн байдлыг байнга хангаж орон нутагт нислэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсээр байна гэсэн үг.

-Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрөх буух зурвасын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ ондоо багтаагаад дээрх аймгуудын зурвасын ажлуудыг дуусгахаар хөрөнгө, мөнгөний асуудлыг шийдсэн. Говь-Алтай аймгийн ажил эхэлчихсэн явж байна.

-2016 он гарсаар агаарын хэчнээн шинэ хаалга нээгдэв. Агаарын навигацийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-ИНЕГ-ын өдөр тутмын ажил нь нислэгийн хөдөлгөөний удирдлага, навигацын хяналт байдаг. Нислэгийн аюулгүй байдлыг хангаж агаарын зайг ашиглан олон улсын нислэгийг дамжин өнгөрүүлсний үйлчилгээний орлогыг үндсэндээ навигацын орлого гэж хэлээд байгаа юм. Энэ орлого жил тутам 4,5 хувийн өсөлттэй яваа. 20 жилийн өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлсэн навигацийн жилийн орлого 6 сая ам.доллар байсан бол одоо 90 гаруй сая ам.долларт хүрснээс харахад навигацийн орлого ямар эрчимтэй өсч буй нь харагдаж байгаа байх. Өнгөрсөн онд дамжин өнгөрөх нислэгийг нэмэгдүүлэх асуудлаар хоёр хөрш улстайгаа олон удаагийн уулзалт хийсэн. Мөн олон улсын байгууллагуудтай хоёр ч удаа уулзалт зохион байгуулж гадаадын авиа компаниудад навигацийн үйл ажиллагаагаа танилцуулсан.  Ингэснээр энэ оны нэгдүгээр сараас навигацийн орлогыг огцом нэмэгдүүллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9 мянган онгоцоор буюу хөдөлгөөний өсөлт 8 хувиар нэмэгдсэн. Энэ том амжилт. БНХАУ-ын орон нутгийн зарим  нислэг манай улсын агаарын замаар дамжин нисдэг боллоо. Энэ нь түүхэнд байгаагүй үйл явдал. Нэг улсын орон нутгийн нислэг нөгөө улсын нутаг дэвсгэрээр дамжин нислэг үйлдэж байсан тохиолдол өмнө нь байгаагүй. Нислэг хөдөлгөөний үйлчилгээ, нислэгийн аюулгүй байдлыг хангасан навигацийн хяналт, шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдал эдгээрт нөлөөлж байна. Ер нь нислэгийн аюулгүй байдлыг хэр хангаж чадаж байна вэ гэдгээр навигацийн орлого өсч, буурч байдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-тай 9, БНХАУ-тай 6 агаарын хаалга ашиглан нислэг үйлдэж байна.

-Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн байгууллагуудын дарга, захирлуудын 54 дэх хурлыг манай улс зохион байгуулах эрх авсан гэсэн. Энэ хурал Монголд хэзээ зохион байгуулагдах вэ. Монголд зохион байгуулагдсаны ач холбогдол нь юу байх вэ?

-Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын салбар хурал болох Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн байгууллагуудын дарга, захирлуудын 54 дэх уулзалт 2017 онд манай улсад зохион байгуулагдана. Энэ нь бага АСЕМ гэсэн үг. Ач холбогдол өндөртэй. Дэлхийн бүх улс орон хамгийн гол нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахдаа байгаль орчинд ээлтэй, сайн үйлчилгээтэй байх зэрэг шалгууруудыг гол үзүүлэлтээ болгож байдаг. Манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа  энэ хурлаар Монгол Улс иргэний нисэхийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ гэдгээ олон улсад таниулдаг чухал ач холбогдолтой. Манай улс нислэгийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог.

-Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар шатанд яваа вэ?

-Баримт бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрын талаас санал өгсөн. Одоо манай яаман дээр Засгийн газарт оруулахад бэлэн болсон. Энэ удаагийн УИХ-аар хэлэлцүүлж амжихгүй бололтой.

-Агаарын торгоны замын асуудлыг урд хөрштэй ярьж эхэлсэн гэсэн мэдээлэл байсан?

-БНХАУ, манай улс хамтраад Агаарын торгоны зам гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирээд байгаа. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс газрын Торгоны зам гаргаж ирсэн. Үүнтэй адил Агаарын торгоны замыг нээе, Монгол, Орос, Хятад, Казакстан гээд газар нутгийн байршлын хувьд Зүүн өмнөд Азиас Европын улс руу чиглэсэн олон улсын Агаарын торгоны замын коридор нээе гэж ярилцаж байгаа юм. Ийм коридорыг нэг улс дангаараа нээдэггүй, олон улстай ярилцаж хамтарч нээдэг онцлогтой. Цаашид энэ ажил эрчимжих байх. Хятад, манай улсын хувьд зарчмын хувьд тохирсон байгаа. 

-Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг Японы корпораци хийхээр болсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Япончуудаас тийм санал ирсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байна. Япончуудын гаргасан саналд ажлын хэсэг техникийн үнэлгээ хийгээд боломжтой санал байна гэж үзсэн. Санхүү талаас нь мөн дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

-Шинэ нисэх буудал ашиглалтад орохоор "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг хэрхэн ашиглах вэ?

-ИНЕГ-аас санал ирүүлсэн байгаа. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын ойролцоо Ерөнхий зориулалтын нислэгт зориулагдсан цогцолбор байгуулна гэж тусгасан. Тэр бодлогын хүрээнд "Чингис хаан" нисэх буудлыг Ерөнхий зориулалтын нислэгийн цогцолбор болгоё гэдэг санал гаргаж байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард Ерөнхий зориулалтын нислэг үйлдэж буй нисэхийн салбарынхантай уулзаж ИНЕГ-ын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Түүний дагуу Ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэхэд тулгарч буй зарим бэрхшээл тухайлбал, олон зөвшөөрөл авч хүндрүүлдэг байдлыг болиулах, эрх зүйн хувьд боломжтой байгаа энэ нислэгийг чөлөөтэй болгож хөгжүүлэх алхмуудыг хийж эхэлсэн.

-Батлан хамгаалахын харьяа, цэрэг армийн нислэг, зөрчил, осолтой холбоотой асуудал яагаад зам, тээврийн яаманд хамааралгүй байдаг юм бэ?

-Олон улсад нислэгийг улсын болон иргэний гэж 2 ангилдаг. Хил, тагнуул, батлан хамгаалах чиглэлийн нислэг нь улсын нислэг юм. Улсын нислэг, иргэний агаарын тээвэр нь өөр өөрсдийн гэсэн хууль, дүрэмтэй. Тиймээс Зам, тээврийн яам Батлан хамгаалах яамны нислэгийг хариуцдаггүй. Бусад улс орнуудад ч ийм.  

-Иргэний нисэхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ?

-1999 онд батлагдсан хуульд нислэгийн аюулгүй байдлын асуудал учир дутагдалтай байгаа. Тиймээс энэ талын нэмэлт өөрчлөлтүүдийг хийж төслийг  Засгийн газарт өргөн барьсан. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлж амжихааргүй болж байх шиг байна. Зөвхөн хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдахыг хүлээлгүйгээр бид бусад эрх зүйн шинэчлэлтүүдийг хийж байна. Тухайлбал, иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлтүүд орж байна. Зах зээл, хөгжлийн жамаар зарим дүрэм шаардлагагүй болж байгаа учир 60 дүрмээс 44 болж чанаржуулах ажил хийгдэж байна. 

М.Зоригт: “Эйр Астана” төлөвлөсөн нислэгээ үйлдэж чадахгүй болсны бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх