Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Баруун 3 аймгийн Авто тээврийн төв, АЗЗА компаниудын асуудлыг шийдсэн томилолт

2016/04/25
Баруун 3 аймгийн Авто тээврийн төв, АЗЗА компаниудын асуудлыг шийдсэн томилолт

 

-Зам, тээврийн сайд М.Зоригт Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллалаа-

Сайд М.Зоригт болон ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын дарга Г.Доржханд, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат нар өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт баруун аймгуудад ажиллах үеэрээ,  гурван аймгийн Авто тээврийн төвүүд, Авто зам засвар арчлалтын компаниуд болон нисэх буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн энэ үеэр “МИАТ” компани, “Аэромонгол” компаниуд хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлснийг албан ёсоор нээх нээлтийн арга хэмжээ болсон юм. Улаанбаатар-Ховдын чиглэлд “Бойнг” онгоц нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд зорчигч урсгал ихтэй, эрэлт их байгаа нь ажиглагдаж байлаа. Харин Ховдоос “АэроМонгол” компани Өлгий, Улаангомын чиглэлд “Фокер-50” онгоцоор нислэг үйлдэж эхэлсэнд орон нутгийн иргэд талархаж байгаагаа уламжилж байлаа.  Энэхүү нислэг цаашид тогтмол үргэлжлэх юм.

 

Орон нутгийн Авто тээврийн төвүүд харьцангуй сайн ажиллаж байгаа ч зарим нэг хүндрэл бэрхшээлүүд байсаар байна. Тухайлбал, Увс аймгийн Авто тээврийн төв зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарыг эмчийн үзлэгээр оруулах ажил удаашралтай байсныг газар дээр нь шийдвэрлэж, аймгийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг хянах GPS-ийн дэлгэцийг яаралтай ажиллуулах, аймгийн төвд буй хуучин нисэх буудлын барилгыг Авто тээврийн төвд шилжүүлж, 2-3 сарын дотор засвар шинэчлэлтийн ажлыг хийж дуусгахаар боллоо. Ингэснээр Увс аймгийн Авто тээврийн төв өөрийн эзэмшлийн байртай болж, үйл ажиллагаагаа нэг дор төвлөрүүлэх боломжтой болж байгаа юм. Аймгийн удирдлагууд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхөө амлалаа. Мөн Авто зам засвар арчлалтын компанийн хашаанд байгаа техник хэрэгслүүд жижигхэн эвдрэлээс болж 5-6 жил ажилгүй зогсож байгааг сайд М.Зоригт шүүмжлээд инженер механикуудыг Улаанбаатарт очиж, УБТЗ-ын Зүтгүүрийн депо, Механик тээврийн сургуулийн ажил байдалтай танилцах үүрэг өглөө. Харин очихдоо ажиллахгүй байгаа машин техникийнхээ эвдэрч, муудсан сэлбэгийг авч очихыг сануулсан юм. Үүнтэй холбогдуулан орон нутгийн бүх АЗЗА компаниудын инженер техникийн ажилтнууд, засварын ажилтнуудыг Улаанбаатарт очиж, сургалтад суулгах, зарим үйлдвэрийн газруудын ажилтай танилцуулахаар боллоо.  Мөн Ховд аймгийн болон Чойбалсан хотын нисэх буудлыг өргөтгөж, олон улсын чанартай болгоход анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр салбарын сайд М.Зоригт хэлсэн юм.

Зам, тээврийн сайд М.Зоригт Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос улс хоорондын зорчигч тээврийн автобусанд олгодог зөвшөөрлийн бичгийг орон нутгийн Авто тээврийн төвөөс олгодог болгож, “Нартам” компанийн гэрээг цуцлахаар боллоо. Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны “Нартам” компани зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ямар ч хяналтгүй, зохион байгуулалтгүйгээр зорчигч тээвэрлэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байгаагаа салбарын сайдад хэлж байсан юм. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв аймгийнхаа Драмын театрын байранд түрээсийн хэлбэрээр тасалбар түгээврийн газар ажиллуулж байгаа ч зорчигчдод зориулсан хүлээлгийн танхимгүй байлаа.  Сайд М.Зоригт энэ асуудлыг аймгийн удирдлагуудтай ярьж, зорчигчдын хүлээлгийн танхимтай болгож өгөх зэргээр Авто тээврийн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахын хэрээр аймаг доторхи 4.9 км авто замын асуудлыг шийдэж, тавьж өгч болох юм гэдэг саналыг хэлсэн юм. Аймгийн удирдлагууд ч Авто тээврийн төвийн зорчигчдын хүлээлгийн танхим, театрын гаднах авто зогсоолын газрын асуудлыг шийдэж өгөхөөр боллоо.

Сайд М.Зоригт Ховд аймгийн Авто тээврийн төвд ажиллахдаа мөн л аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, тус төвийн авто зогсоолыг эзэмшилд нь шилжүүлэхээр боллоо. Түүнчлэн аймаг, сум хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй бага болон дунд оврын тээврийн хэрэгслүүдийг жилд тогтмол 2-3 удаа үзлэг оношилгоонд хамруулах, GPS төхөөрөмж тавьсан нөхцөлд зорчигч тээвэрлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос өгдөг цэнхэр тасалбарыг Авто тээврийн төвөөр дамжуулан жолооч нарт олгох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх үүргийг Авто тээврийн үндэсний төвд даалгасан юм.

Харин “Ховд АЗЗА”  компанийн тухайд Төрийн өмчийн хорооны 2001 оны шийдвэрээр байгуулагдсан бөгөөд одоогоор байрлаж байгаа хоёр давхар барилгын нэг давхрыг “Ховд АЗЗА” компани, хоёр давхрыг хувийн хэвшлийн “Алтайн зам” компани эзэмшдэг гэх хачирхалтай мэдээллийг “Ховд АЗЗА” компанийн захирал С.Сансархүү салбарын сайддаа танилцуулсан юм.  Тухайлбал, конторын барилгын 1 давхар, цайны газрын барилга, гүний худаг, 4-5 хаалгатай авто гараашийн баруун талын 2 хаалгатай хэсэг, сэлбэгийн агуулах, ногоон зураас бүхий 14806 м2 талбай, 7350 м урт блокон хашааг “Ховд АЗЗА” компани эзэмшиж, бусад хөрөнгийг “Алтайн зам” компани эзэмшдэг байна.  Энэ асуудлыг яаралтай цэгцлэх, нэг талд нь шийдвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Доржхандад даалгасан юм.

Ийнхүү Зам, тээврийн сайд М.Зоригт хоёр хоногт баруун гурван аймагт ажиллаж, Авто тээврийн төвүүд, АЗЗА компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, зорчигч тээврийн үйл ажиллагааг хурдан шуурхай, найдвартай, аюул осолгүй, тав тухтай байлгахын тулд хэд хэдэн чухал асуудлуудыг шийдвэрлэсэн юм.

 

 

Баруун 3 аймгийн Авто тээврийн төв, АЗЗА компаниудын асуудлыг шийдсэн томилолт  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх