Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг УБТЗ-ын эзэмшилд шилжүүллээ

2016/03/11
М.Зоригт: “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг УБТЗ-ын эзэмшилд шилжүүллээ

Замын-Үүд дэх “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг МТЗ ТӨХК-иас УБТЗ ХНН-т түрээсээр эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. Энэ талаар ЗТ-ийн сайд М.Зоригтоос тодрууллаа.

-МТЗ ТӨХК-ийн эзэмшлийн дамжуулан өнгөрүүлэх ачаа тээврийн цогцолборыг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт түрээсээр эзэмшүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Анх 1993 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсанаас хойш 2014 он хүртэл УБТЗ энэ байгууламжийг түрээсээр ашиглаж ирсэн.  МТЗ төрийн өмчит компани өнгөрсөн жил ашиглаж байгаад, одоо дамжин өнгөрөх тээврийг дэмжих хүрээнд УБТЗ-д дахин эзэмшүүлэх нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргасан. Зам, тээврийн сайдын дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх, дэмжих хүрээнд баталсан шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй.

-Шилжүүлэн ачих байгууламжийг УБТЗ дахин түрээсээр эзэмшихээр болж байгааг  саяхан Сочи хотноо болсон Олон улсын хурлаас 2016 онд Монгол Улсын транзит тээврийг 2.1 дахин нэмэгдүүлэхээр тохиролцсонтой холбож ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Энэ байгууламж бол Хятад, Монголын хооронд царигийн зөрүүг арилгах зорилгоор ачаа шилжүүлэн ачих зориулалттай баригдсан. Энэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн, олон улсын зах зээл дээр гарсан, далайд хүрсэн. Цаашлаад 1996 онд гэрээ байгуулж, Тяньжин боомтыг Монгол Улсын гадаад худалдаа, далайд гарах гарц болгож зарласан протокол үйлдсэн байдаг. Энэ байгууламж Монголын Засгийн газрын өмч хөрөнгө учраас МТЗ байгуулагдахад өмчлөлийн хувьд тийшээ шилжсэн юм. УБТЗ энэ өмчийг түрээсийн хэлбэрээр эзэмшиж байгаад МТЗ өөрөө ашиглахаар гэрээгээ 2015 онд цуцалсан байсан. Жил гаруйн хугацаанд ашиглаагүй учраас буцааж УБТЗ-д түрээсээр эзэмшүүлэх нь зөв гэдэг шийдвэр гаргасан.

-Замын-Үүдэд шилжүүлэн ачих байгууламж хэд хэд байдаг. Эдгээрийг нэгтгэж болдоггүй юм уу?

-УБТЗ-ын өмчлөлд хоёр байгууламж бий. Азийн хөгжлийн банкны зээлээр ачаа тээврийн томоохон терминалыг Замын-Үүдэд одоо барьж байгуулж байгаа.  Эцсийн дүндээ “Дацан трейд”, “Болд төмөр Ерөө гол” болон бусад компанийн өөрийн гэсэн шилжүүлэн ачих байгууламж, хил гаалийнхыг  нэгтгэх ёстой. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нэгдсэн компани байгуулж, ачаа буулгах, шилжүүлэн ачих ажлыг нэгдсэн журмаар хийж гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллага болох хэрэгтэй байна. Ийм том зорилтын хүрээнд Замын-Үүд дэх “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг УБТЗ-ын эзэмшилд шилжүүллээ.  Төмөр зам, вагон зүтгүүрээр хангаж ажиллах боломжтой.

-“Шилжүүлэн ачих цогцолбор-1” хэзээ ажиллаж эхлэх вэ. Одоогоор ашиглагдахгүй байгаа юм билээ?

-Түрээсийн гэрээ зурагдсанаас хойш 7 хоногийн дотор комисс томилж, объектыг хүлээж авч, дахин сэргээн ажиллуулна. Ирэх 7 хоногт ажиллаж, ачаа бараагаа шилжүүлж эхэлнэ. Хятадаас орж ирж байгаа ачаа тээврийг шилжүүлэн ачихад маш хэрэгтэй байгууламж. 

М.Зоригт: “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг УБТЗ-ын эзэмшилд шилжүүллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх