Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ

2019/10/31
МОНГОЛ, КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ

Энэ сарын 29-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 3 дугаар хуралдаан болов.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Киргизийн талаас тус улсын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшенов нар ахалж оролцлоо. Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч 5 жил завсардсан хуралдааныг сэргээж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрүүл мэнд, соёл боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцож, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцон, протокол байгуулав.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНКУ-ын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшенов нар хоёр талын тусгайлсан, ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, санал солилцлоо. Хуралдааныг даргалагч хоёр сайд эртний түүхэн уламжлалт харилцаатай хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн утгаар баяжуулахад нэн тэргүүнд эдийн засаг, бизнесийн форум зохион байгуулж болох талаар ярилцав. Мөн бүс нутагт авто замыг хөгжүүлэхэд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоод ойрын хугацаанд шууд нислэгтэй болох, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах чухлыг онцоллоо.

Тус улсын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшеновын дурдсанаар гадаадын зээл тусламж өрийн дарамтад оруулдаг тул Киргиз улс сүүлийн 20 жилд авто зам, төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй аж. Харин Монголчууд өөрсдийн нөөц бололцоогоор Таван толгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барьж байгааг ихээхэн сонирхож байгаагаа дурдаад санхүүжилтийг хэрхэн босгосон, гүйцэтгэгч байгууллагуудад яаж хуваарилж байгаа зэргийг Монголд очиж газар дээр нь туршлага судлах туйлын хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэхүү хүсэлтийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНКУ-ын Зам, тээврийн сайд Ж.С.Бейшеновыг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг албан ёсоор урив.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Киргизийн Эрүүл мэндийн сайд К.С.Чолпонбаевтай уулзаж, энэ үеэр Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Мөн 2014 онд байгуулахаар тохиролцсон хоёр улсын Худалдааны танхим хоорондын Бизнесийн зөвлөлийг энэ удаа байгуулж, анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хурлаас гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгохын төлөө хоёр талаас эрчимтэй ажиллахаа илэрхийлээд Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын дараагийн хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтлоо.

МОНГОЛ, КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх