төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019/10/11
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн захирал Р.Батсүх болон албаны бусад хүмүүс Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Төмөр замын далангийн ажлыг гүйцэтгэж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагуудын мэдээлснээр говийн нөхцөлд цаг агаар харьцангуй дулаан тул одоогоор тулгарсан бэрхшээлгүй, ажил хэвийн үргэлжилж байгаа ба нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгжүүд улирал харгалзахгүй ажиллахаар болсон аж. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгө оруулалтын асуудлаа цаг тухайд нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гүйцэтгэл сайтай, төлөвлөгөөт хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн хүчийг нэмэх даалгавар өглөө. 

УБТЗ ХНН-ИЙН ЗҮҮНБАЯН ӨРТӨӨНӨӨС РЕЙЛЬС ТӨМӨР УГСАРЧ ЭХЛЭВ

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс төмрийг УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс угсарч эхлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Зүүнбаянд үе угсрах баазыг барьж дуусгасан бөгөөд одоогоор дөнгөж 30 хувийг ашиглаж буй өртөөний барилгын засварын зураг төсөл мөн хийгдэж, ингэснээр хүчин чадал нь нэмэгдэж буй өртөөний барилгыг 100 хувь ашиглах боломжтой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцсаныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлж, Сайншандын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.

Мөн Зүүнбаян өртөөнд ажиллах үеэрээ ЗХЖШ-ын даргаар томилогдсон, Бригадын генерал Д.Ганзоригт Хошууч генерал цол олгож, төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Зүүнбаян өртөөн дээр Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга, мэргэжилтнүүд, ЗХЖШ, УБТЗ ХНН, МТЗ ТӨХК, барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг багтаасан ажлын хэсэг шуурхай хуралдлаа. Энэхүү хурлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон барилгын ажлын явцад тулгарч буй зарим асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр тогтов.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх