Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Богдхан төмөр замын төсөл

2020/06/08

Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.

Богдхан төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааны ажил 2010 онд хийгдсэн бөгөөд уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.

Мөн Богдхан төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5800-6000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм.

Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан.

Зам, тээврийн яам /хуучин нэрээр/, Оросын Холбооны Улсын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т төмөр замын төв чиглэлд Мандал-Багахангай чиглэлийн 170 км төмөр замыг барьж байгуулах арга хэмжээг авч ажиллахаар тусгасан байдаг.  

Мөн онд Зам, тээврийн яам /хуучин нэрээр/, Азийн хөгжлийн банк хооронд “Богдхан” төмөр замын төслийн талаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тус баримт бичгийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар “Мандал-Багахангай” чиглэлийн төмөр замын чигийн судалгааны ажлыг “Ай Си Ти Интернэшнл” ХХК тэргүүтэй түншлэл 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үндсэн дээр гүйцэтгэж, эцсийн тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗТХЯ-нд хүлээлгэж өгсөн.   

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн баримтлах бодлого”-ын 3.3.1.2-т заагдсан “УБТЗ” ХНН-т техникийн шинэчлэл хийх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах ажлыг Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын 2016 онд байгуулсан Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт “Төмөр замын төв коридор буюу “УБТЗ” ХНН-ийн гол замыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам болон цахилгаанжуулалтыг байгуулах” гэж тусгасан байдаг. Мөн ОХУ-ын Москва хотноо 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаарх гурван талын экспертүүдийн уулзалтаар талууд тус төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад тусгаж, уг төслийг Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талаар санал нэгдсэн.  

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд Богдхан төмөр замын төслийн талаар танилцуулж, уг төслийн хэрэгжүүлэх талаар Оросын талтай хэлэлцэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2017 оны 277 дугаар тогтоолоор Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 532-т “Ар богдын зам” ХХК-ийн санаачилгаар оруулсан орсон “Богдхан төмөр зам” төслийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

 

 

---оОо---

 

Богдхан төмөр замын төсөл  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх