Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙВ

2019/08/27
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙВ

АЖИЛ НЬ УДААШРАЛТАЙ БАЙГАА 2, 4 ДҮГЭЭР БАГЦЫН ГҮЙЦЭТГЭГЧ НАРТ ХАТУУ САНУУЛГА ӨГЛӨӨ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг бүх талынхныг оролцуулан, өргөтгөсөн хурал хийлээ. Уг хуралд Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, АЗБХЗГ-ын дарга Д.Доржханд, ЗТХТ ТӨҮГ-ын захирал Р.Буд зэрэг яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Б.Энх-Амгалан сайд хурлын эхэнд гүйцэтгэгч компаниудын төлөөллүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн талаарх дүн мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөн, ажил нь удаашралтай байгаа 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчдэд тав хоногийн хугацаанд ажлаа эрчимжүүлж, ахиц гаргахгүй бол тендэрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу анхааруулав. Мөн тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, транзит тээврийн гол зам болохыг онцлоод Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хариуцлагагүй хандаж буй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч Чайна эстэйт констракшн ХХК-ийн удирдлагуудыг шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг санууллаа. Гүйцэтгэгч талынхан мэдээллээ танилцуулж дууссаны дараа 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ Б.Энх-Амгалан сайдад илтгэв.  

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна. Салбарын сайдын зүгээс гүйцэтгэгч талынханд ажлаа эрчимжүүлж, чанартай хийж гүйцэтгэж, түр замыг хурдан тавьж дуусгах, үерт эвдэрсэн түр замыг яаралтай засч дуусгах, графикт хугацаандаа ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг сануулаад, гүйцэтгэлийн ажилд тулгарч буй зарим хүндрэлтэй асуудлуудыг хууль, журмын дагуу шийдвэрлэж ажиллахыг яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЯВЦ 2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР:

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна.

Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 18.92 хувьтай, ажлын талбайд нийт 154 ажилтан, 57 машин, техник ажиллаж байна.

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 32.31 хувьтай, ажлын талбайд нийт 222 ажилтан, 118 машин, техник ажиллаж байна.

Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 16.72 хувьтай, ажлын талбайд нийт 56 ажилтан, 47 машин, техник ажиллаж байна. 

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 30.58 хувьтай, ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нийт дүнгээр 23.74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх