Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ

2019/08/14
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймагт ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан 01 тоот албан даалгаврын биелэлтийг шалгалаа.

Энэхүү тогтоол, шийдвэрийн хэрэгжилт одоогоор 50 гаруй хувьтай байгаа бөгөөд томилолтын тайлан мэдээг нэгтгэж, дүгнэлтийг Б.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.

“ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОН”, “ТАЙВАН ЗОГСООЛ”-ЫН АЖЛЫН ЯВЦ 30-65 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

            Засгийн газрын албан даалгаврын хүрээнд Таван толгой уурхайн ойролцоо баригдаж буй эмнэлэг, халуун ус зэрэг нийгмийн бүх төрлийн үйлчилгээ бүхий “Тээвэрчдийн хотхон”-ы барилга угсралтын ажил 65 хувьтай байна. Гүйцэтгэгч талын мэдээлснээр ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байгаа аж. Харин Гашуун сухайт боомтын ойролцоо 2500 авто машины багтаамжтай “Тайван зогсоол” баригдаж байгаа ба ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж буй 14 мянган жолоочийн эрүүл, аюулгүй орчинд, ая тухтай ажиллах нөхцөл тодорхой хэмжээгээр бүрдэх юм.   

ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРЫН 15-ААС ЭХЭЛНЭ

Монгол Улсын Засгийн газраас Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-аас үргэлжлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын суурь далангийн ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа юм. Тус төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу экспортлох нүүрсний экспортын болон одоогийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал даруй 32 ам.доллароос 3-4 дахин буурч, зөвхөн төмөр замын боомтоор жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой гэж үзэж байна. Мөн  Тавантолгойн бүлэг орд газрын олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх үндсэн нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм.

Түүнчлэн зөвхөн төмөр замаар тээвэрлэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн  борлуулалтын орлого өсч, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь, улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгалыг бий болгох боломжтой гэсэн тооцоо судалгаа бий.

 

ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛД ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ БАРИНА

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 километр цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн. Төсөл хэрэгжүүлэгч компани нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын даалгаврын хүрээнд инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.

Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд трасс, геодези, ус, геологи, байгаль орчны төлөв байдлын судалгаа зэрэг хээрийн хэмжилтийн ажлууд хийгдэж бүрэн дууссан. Төлөвлөгөөний дагуу зураг төсөл боловсруулах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, 9 дүгээр сарын 15-наас замын барилгын ажлыг эхлүүлэхээр болсныг Үндэсний хөгжлийн газрын албаны хүмүүс Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн одоо байгаа 239 километр авто замын засвар арчлалтыг таван багц болгож эхлүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 74 хувьтай үргэлжилж байна. "Гашуун сухайт авто зам" ХХК-ийн удирдлагууд дээрх чиглэлийн зам засварын ажлыг ирэх есдүгээр сарын 12-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаагаа сайд нарт дуулгав.

Мөн шахмал түлшний гол түүхий эд болох угааж баяжуулсан нүүрснээс гарган авсан завсрын буюу эрчим хүчний зориулалттай медлингийг Улаанбаатар хотруу тээвэрлэх явцад авто замд үүссэн эвдрэл гэмтэл их байгаа. Энэхүү тээвэрлэлт ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх хугацаатай бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан медлингийн тээвэрлэлт зогсохоор зам засварын ажлаа эрчимжүүлж, Мандалговь-Улаанбаатарын чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг яаралтай засахыг ЗТХТ-ийн холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх