төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ

2019/06/01

Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын

үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалын хавсралт

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа болон Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа нь энэхүү журамд хамаарахгүй.

1.3.Дистрибьюторын түр дугаар олгох бүртгэлийг автомашин үйлдвэрлэгчдийн дистрибьютор байгууллагуудын төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, бүртгэлийн бусад төрлүүдийг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон байгууллага /цаашид бүртгэлийн байгууллага гэх/ эрхлэн гүйцэтгэнэ./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

1.4.Автотээврийн хэрэгслийг бүртгэхдээ “Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт” MNS ISO 3833:2010 стандартыг баримтална.

Хоёр. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх

2.1.Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгсэл өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтөлнө.

2.2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна:

2.2.1.шинээр бүртгэх;

2.2.2.өмчлөгчийн бүртгэл;

2.2.3.техникийн өөрчлөлт;

2.2.4.нөхөн олголт;

2.2.5.бүртгэлээс хасах;

2.2.6.түр дугаар олгох.

2.3.Бүртгэл хөтлөхдөө дараах дарааллыг баримтална.

2.3.1.бүртгэлийн мэдүүлэг болон энэхүү журамд заасан автотээврийн хэрэгслийн болон өмчлөгчийн холбогдох баримт бичиг /цаашид “баримт бичиг” гэх/-ийн хамт хүлээн авч иж бүрдэл, мэдээллийн үнэн зөв байдлыг хянана.

2.3.2.техникийн үзүүлэлтийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэнэ.

2.3.3.автотээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиг, мэдээлэл нь бүрэн бус, зөрүүтэй, хуурамчаар үйлдсэн бол бүртгэхээс татгалзан өмчлөгчид мэдэгдэн буцааж өгнө.

2.3.4.бүртгэлийн мэдүүлэг, баримт бичиг шаардлага хангаж байгаа бол мэдээллийн сандүнэн зөв оруулна.

2.3.5.бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийг цаасаар болон цахим архив үүсгэн баяжилт хийж архивт хадгалуулна.

2.4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэхдээ зөвхөн өмчлөгч өөрийн биеэр ирсэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч болон цахим гарын үсгийг үндэслэн бүртгэнэ.

2.5. “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг. Ерөнхий шаардлага. MNS 4410-1:20021 стандартад заасан улсын дугаарыг дараах автотээврийн хэрэгсэлд олгоно” /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

2.5.1.Автомашины улсын дугаарыг дараах байдлаар олгоно.

2.5.1.1.автомашины энгийн улсын дугаарыг дипломат байгууллагын, технологийн, эко болон нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаагаас бусад "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлт бүхий авто машинд;

2.5.1.2.дипломат байгууллагын автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын элчин сайдын яам, консулын газар Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан олон улсын байгууллага болон тэдгээрийн дипломат ажилтны хувийн автомашинд; /3 дугаар зүйлийн/ /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

2.5.1.3.нийтийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зорчигч тээврийн стандартаар тогтоосон шаардлагуудыг хангаж нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй бүх төрлийн автобус, таксинд;

2.5.1.4.технологийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлтээс дээш үзүүлэлт бүхий ачааны автомашин, чиргүүлд;

2.5.1.5.эко улсын дугаарыг цахилгаан,ус төрөгчөөр ажилладаг болон тэдгээрийн хосолмол эх үүсвэрээр ажилладаг хөдөлгүүр бүхий автомашинд;

2.5.2.механизмын улсын дугаарыг бүх төрлийн дугуйт трактор, өөрөө явагч машин механизмд;

2.5.3.мотоциклын улсын дугаарыг “Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт” MNS ISO 3833:2010 стандартын 3.5-д заасан мотоциклд;

2.5.4.чиргүүлийн улсын дугаарыг “Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт” MNS ISO 3833:2010 стандартын 3.2-т заасан, "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 12-т заасан зөвшөөрөгдөх техникийн үзүүлэлт бүхий чиргүүлд тус тус олгоно.

2.5.5.Түр дугаар:

2.5.5.1.транзит дугаарыгтээврийн хэрэгслийн мэдээллийн сангаас хасагдан Монгол Улсын хилээр гарч байгаа автотээврийн хэрэгсэлд олгоно;

2.5.5.2.дистрибьюторын дугаарыг автотээврийн хэрэгсэл худалдаалах албан ёсны дистрибьюторын эрх бүхий байгууллагын худалдан борлуулахаар импортоор оруулж ирсэн шинэавтотээврийн хэрэгсэлд олгоно.

2.5.6. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “энгийн”, “эко”, “нийтийн зорчигч тээвэр”, “технологийн” гэх мэт улсын дугаарын дэвсгэр өнгийг бичих талбартай байна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

2.5.7 автотээврийн хэрэгслийн гэрчилгээг монгол, англи хэл дээр хэвлэнэ. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

2.6. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

2.6.1 анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

2.6.2. нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэх болон хасагдах тохиолдолд автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сери болон тоог өөрчлөхгүйгээр зөвхөн өнгийг өөрчлөн энгийн дугаараар сольж олгоно. 

/Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

2.7.Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана.

2.7.1.бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан, хуурамчаар үйлдсэн;

2.7.2.хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй;

2.7.3.техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй;

2.7.4.зохих байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;

2.7.5.хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийсэн;

2.7.6.өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй;

2.7.7.улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

2.8.Тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолдтатгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарж өгнө.

Гурав. Бүртгэлийн байгууллага болон бүртгэгчийн эрх, үүрэг

3.1.Бүртгэлийн байгууллага нь энэхүү журмын 2-т заасан бүртгэл хөтлөхийн зэрэгцээ бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ, тайлан гаргах, өмчлөгч болон техникийн ашиглалттай холбоотой лавлагаа, мэдээлэл өгөх үйл ажиллагааг хариуцна.

3.2.Автотээврийн хэрэгслийн бүртгэлийг тухайн бүртгэлийн байгууллагын даргын томилсонбүртгэгч хөтөлнө.

3.3.Бүртгэгч нь автотээврийн болон эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, Иргэний хууль болон хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, автотээврийн салбарын стандартчиллын талаар автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан байна.

3.4.Бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэх ба өөрийн хүлээн авч бүртгэсэн бүртгэлийн мэдүүлэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд дарж баталгаажуулна.

3.5.Бүртгэгч нь бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийн иж бүрдэл, түүний үнэн зөв байдлыг хянан үзэж энэхүү журмын 2.7-д зааснаас бусад тохиолдолд бүртгэн авах ба өөрийн гүйцэтгэсэн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хуулийн өмнө хүлээнэ.

3.6.Бүртгэгч нь холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд тусгайлан заасан, эсхүл бие даан шийдвэрлэх боломжгүй асуудлыг холбогдох дээд шатны албан тушаалтанд танилцуулан зөвлөмж, чиглэл авна.

3.7. Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

3.8. Бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж буй бүх салбар төвүүдэд дэлгэц байршуулан иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн дугаарыг сонгох боломжоор хангасан байна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

3.9. Бүртгэлийн байгууллага иргэд гар утаснаасаа болон бүртгэлийн байгууллагын цахим хуудаст хандаж улсын дугаар захиалах боломжийг бүрдүүлсэн байна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

Дөрөв.Шинээр бүртгэх бүртгэл

4.1.Шинээр бүртгэх бүртгэлд импортоор оруулж ирсэн болон Монгол Улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийг мэдээллийн санд анх удаа бүртгэн оруулах үйл ажиллагаа хамаарна.

4.2.Шинээр бүртгэсэн автотээврийн хэрэгсэлд улсын дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгоно.

4.3.Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэхдээ дараахбаримт бичгүүдэд үндэслэнэ.

4.3.1.өмчлөгчийн хүсэлт/ хуулийн этгээдийн хувьд албан хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ/; /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

4.3.2.үнэн зөв мэдүүлсэн бүртгэлийн мэдүүлэг;

4.3.3. нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хэлцэл / Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ/     /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

4.3.4.төрийн болон орон нутгийн өмчит  үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын хувьд, эрх бүхий байгууллагын шийдвэр,

4.3.5.импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгслийн хувьд үйлдвэрлэгчийн дагалдах баримт бичиг;

4.3.6.ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн тухайн улсын бүртгэлээс хассан тухай эрх бүхий байгууллагын баримт бичиг, экспортын бусад дагалдах баримт бичиг;

4.3.7.гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг;

4.3.8.техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;

4.3.9.улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;

4.3.10.тусгай тоноглол суурилагдсан автотээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт;

4.3.11.Монгол Улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийн хувьдтохирлын гэрчилгээ, техникийн паспорт, автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар /VIN code/ олгосон тухай баталгаажуулсан баримт;

4.3.12.дипломат байгууллагуудын хувьдэнэхүү журмын 4.3.7-д зааснаас бусад баримт бичиг болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан хүсэлт.

4.4.Монгол Улсад байнга оршин суугаа болон түр оршин суух гадаадын иргэний автотээврийн хэрэгслийг бүртгэхдээ оршин суух үнэмлэх болон холбогдох бусад баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.

4.5. Автотээврийн хэрэгсэлд “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын дагуу улсын дугаар олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

4.6.Өмчлөгч хүсэлтээ гарган “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. MNS4410:2002” стандартын улсын дугаартай автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг.2-р хэсэг: Ерөнхий шаардлага” MNS 4410-2:2017” стандартын улсын дугаараар сольж болно./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

4.7.“Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. MNS4410:2002” стандартын улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь нэг аймгаас нөгөө аймагт, Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас Улаанбаатар хотод гэх мэтээр бусдын өмчлөлд шилжих тохиолдолд “Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг.2-р хэсэг: Ерөнхий шаардлага” MNS 4410-2:2017” стандартынулсын дугаарыг олгоно./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

4.8.“Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг.2-р хэсэг: Ерөнхий шаардлага” MNS 4410-2:2017” стандартын дагуу олгогдсон улсын дугаарыг “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. MNS4410:2002” стандартын улсын дугаараар сольж олгохгүй./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

4.9.Автотээврийн хэрэгслийн улсын дугаар нь дээрх 2 стандартын аль нэгнийх нь шаардлагыг бүрэн хангасан байна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

 

Тав. Өмчлөгчийн бүртгэл

5.1.Өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэнэ.

5.2.Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэхдээ дараах баримтбичгүүдэд үндэслэнэ.

5.2.1.өмчлөгчийн хүсэлт;

5.2.2.үнэн зөв мэдүүлсэн бүртгэлийн мэдүүлэг;

5.2.3. нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хэлцэл / Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчлөх эрх шилжүүлэх бүх төрлийн гэрээ/  /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

5.2.4.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

5.2.5.жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;

5.2.6.улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;

5.2.7.хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлсөн байх;

5.2.8.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн байх;

5.2.9.төрийн болон орон нутгийн өмчитүйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын хувьд, эрх бүхий байгууллагын шийдвэр.

5.3.автотээврийн хэрэгслийг өмчлөгч хуулийн этгээд нь татан буугдсан бол улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн өмчлөгчийн бүртгэлийг шинэчилнэ.

5.4.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нас барсан тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэнэ. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

5.5.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр автотээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хязгаарласан бол түүнийг цуцалсан, өмчлөх эрхийг шилжүүлсэн, эсхүл баталгаажуулсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хязгаарлалтыг цуцалж өмчлөгчийг бүртгэн мэдээллийн санд оруулна.

5.6.Автотээврийн хэрэгслийг шинээрөмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэн өмчлөгчийг бүртгэж мэдээллийн санд оруулна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

5.7. Өмчлөгч автотээврийн хэрэгслийг гэрээсэлсэн, гэрээслэлээ өөрчилсөн, цуцалсан бол энэ тухай Монголын нотариатчдын танхимын албан хүсэлтийг үндэслэн мэдээллийн санд бүртгэнэ. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

 

Зургаа. Техникийн өөрчлөлт

6.1.Техникийн өөрчлөлтөд автотээврийн хэрэгслийн зориулалт, өнгө, хөдөлгүүр, арал, бүхээгийн өөрчлөлтүүд хамаарна.

6.2.Тухайн автотээврийн хэрэгслийн зориулалтыг зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр өөрчлөх ба зөвхөн тухайн үйлдвэрлэгчийн эрх бүхий засварын байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулсан байна.

6.3.Техникийн өөрчлөлтийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ:

6.3.1.өмчлөгчийн хүсэлт, бүртгэлийн мэдүүлэг;

6.3.2.техникийн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;

6.3.3.нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан тухай тухайн тээврийн үйлчилгээг зохицуулах эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

6.3.4.арал, бүхээг өөрчлөгдсөн бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны  мэдүүлэг, бусад баримт бичиг;

6.3.5.зориулалт өөрчилсөн бол үйлдвэрлэгчийн дүгнэлт;

6.3.6.улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;

6.4.Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдсан тохиолдолд тухайн дугаарын сери, дугаарыг өөрчлөхгүйгээр автомашины энгийн дугаарыг олгоно.

Долоо. Нөхөн олголтын бүртгэл

7.1.Нөхөн олголтын бүртгэлд автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг, лац, автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгох зэрэг хамаарна./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

7.2.Нөхөн олголтын бүртгэлийг дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ:

7.2.1.өмчлөгчийн хүсэлт, бүртгэлийн мэдүүлэг;

7.2.2.улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, лацны үнэ төлсөн баримт; /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

7.2.3.улсын дугаарын тэмдэг, лац, автотээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгосон тухай тэмдэглэгээг мэдээллийн санд бүртгэнэ;/Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

7.2.4.улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээг зарлуулсан баримт,

7.3.Хуучирч муудсан, цаашид ашиглах боломжгүй болсон улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, лацыг өмчлөгчийн хүсэлтээр сольж олгоно./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар хассан/

Найм. Бүртгэлээс хасах

8.1.Энэхүү бүртгэлд ашиглалтаас хасагдаж буй болон Монгол Улсад ашиглагдаж байгаад экспортод гарч буй автотээврийн хэрэгслийн бүртгэл хамаарна.

8.2.Автотээврийн хэрэгслийг дараах баримт бичигт үндэслэн бүртгэлээс хасна.

8.2.1.өмчлөгчийн хүсэлт;

8.2.2.бүртгэлийн мэдүүлэг;

8.2.3.автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарын тэмдэг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан тодорхойлолт;

8.2.4.автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан бол тухайнүйлдвэрийн тодорхойлолт.

8.3.Бүртгэгч энэхүү журмын 8.2-д заасан бүртгэлийн мэдүүлэг, баримт бичгийг үндэслэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаарын тэмдгийг хураан авч, мэдээллийн санд бүртгэн, тодорхойлолтыг өмчлөгчид олгоно.

Ес. Түр дугаар олгох

9.1. Түр дугаарыг дараах тохиолдолд олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

9.1.1. Монгол Улсад бүртгэлтэй автотээврийн хэрэгслийг экспортод гаргах хүртэлх хугацаанд “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын D хавсралтын 4 дэх зурагт заасан загварын хүрээнд түр дугаарыг олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

9.1.2. Автотээврийн хэрэгсэл худалдаалах албан ёсны эрх бүхий байгууллагын худалдан борлуулахаар импортоор оруулж ирсэн шинэ автотээврийн хэрэгсэлд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт үндэслэн үзэсгэлэн худалдаанд оролцох, агуулах, хүрэх, техникийн хяналтын үзлэгт хамрагдах зорилгоор авто замын хөдөлгөөнд оролцох үед түр дугаар олгоно.  /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

9.2. Түр дугаарыг 1 сар хүртэл хугацаагаар олгоно./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчилсөн/

9.3. Автотээврийн хэрэгсэл худалдаалах албан ёсны эрх бүхий байгууллагын албан хүсэлт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн 9 дүгээр зүйлийн 9.1.2 -т заасан дугаарыг олгоно./Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчилсөн/

9.4. Энэхүү журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасан түр дугаарыг “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын D хавсралтын 4 дэх зургийн “Transit” гэдгийн оронд албан ёсны борлуулагчийн нэр, “дугаарын  оронд автотээврийн хэрэгслийн арлын дугаарыг бичиж олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

9.5. Түр дугаарыг 210 граммаас доошгүй жинтэй цаасан дээр хэвлэн олгоно. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

Арав. Мэдээллийн сан бүрдүүлэх болон цахим үйлчилгээ

10.1.Мэдээллийн сан нь бүртгэлийн эх баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахдаа эрх бүхий байгууллагаас гаргасан төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохицуулсан журам, зааврыг мөрдлөг болгоно.

10.2. Мэдээллийн сан нь Иргэний бүртгэлийн, жолоочийн даатгалын, техникийн хяналтын үзлэгийн , гааль болон татварын, цагдаагийн байгууллагын, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн, хөдлөх хөрөнгийн мэдээллийн зэрэг сангуудтай энэхүү журмын 10.1-т заасан журмын хүрээнд холбогдон харилцан мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчилсөн/

10.3.Автотээврийн хэрэгслийн талаар бусад төрийн байгууллагуудаас авах мэдээллүүдийг бүртгэлийн байгууллага нь баримтаар шаардахгүй ба төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох журмын хүрээнд цахим сүлжээгээр дамжууланмэдээллийг авч архивлана.

10.4.Үйлчлүүлэгчөөрийн тоон гарын үсгийг ашиглан цахимаар үйлчилгээ авах нөхцөлийгбүртгэлийн байгууллагаас бүрдүүлж үйлчилнэ.

10.5.Бүртгэлийн цахим үйлчилгээ авах иргэн аж ахуйн нэгж байгууллага нь “Цахим гарын үсгийн тухай” хуулийн дагуу тоон гарын үсэг хэрэглэх гэрчилгээ авсан байна.

10.6.Иргэн, хуулийн этгээд нь өөрийн тоон гарын үсгийг ашиглан төрийн нэгдсэн үйлчилгээний порталаар, эсхүл бүртгэлийн байгууллагын цахим системээр дамжуулан цахим үйлчилгээг авна.

10.7.Цахим үйлчилгээ авахдаа энэхүү журамд заасан бүртгэлийн мэдүүлэг, шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангасан байна.

10.8.Цахимаар үйлчлүүлэгчид автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шуудангаар,эсхүл угтах үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчид хүргэн өгч болно.

10.9.Мэдээллийн санд энэхүү журмын хавсралтаар заасан өмчлөгчийн болон техникийн мэдээллийг бүртгэнэ.

10.10.Мэдээллийн санд автотээврийн хэрэгслийн марк, загвар,хөдөлгүүр, арлын дугаарыг латин үсгээр, бусад мэдээллийг кирилл үсгээрбүртгэнэ.

Арван нэг. Улсын дугаарын үйлдвэрлэл

11.1.Улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэгч /цаашид үйлдвэрлэгч гэх/ нь зохих журмын дагуу авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэнэ.

11.2.Үйлдвэрлэгч нь тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болон бүртгэлийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж ажиллана.

11.3.Үйлдвэрлэгч нь улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүний нөөцөөр бүрэн хангагдсан, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан ажлын байранд үйлдвэрлэлийг эрхэлнэ.

11.4. Улсын дугаарыг “Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага”. MNS 4410-1:20021 стандартын үзүүлэлт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэнэ”, /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчилсөн/

11.5.Улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэгч нь бүртгэлийн байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон байх ба үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахимаар хянах боломжийг бүрдүүлсэн байна.

11.6. Улсын дугаарын тэмдгийг тухайн үйлдвэрлэгч автотээврийн хэрэгсэлд байрлуулан бэхэлж мэдээллийн санд бүртгэнэ. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар өөрчилсөн/

11.7.Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг зөвхөн бүртгэлээс хассан тохиолдолд хураан авна.

11.8. Бүртгэлийн байгууллага нь улсын дугаарын бэлдэц болон бэхэлгээний боолтыг улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэгчдийн захиалгын дагуу тухайн үеийн зах зээлийн ханшаар захиалан нийлүүлж зарцуулалтад нь хяналт тавина. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

11.9. Энэхүү журмын 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг ЗТХС-ын 2019 оны 219 дүгээр тушаалаар нэмсэн/

Арван хоёр. Бусад зүйл

12.1.Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

12.2.Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээг гаргаж автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангана.

12.3.Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлүүлэх, хадгалах, зарцуулах үйл ажиллагаанд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

12.4.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар

Өмчлөгчийн мэдээлэл

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх