Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Үндэсний ТИР семинар”сэдэвт чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо

2019/06/21

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комисс (НҮБЕЭЗК) болон Олон Улсын Автотээврийн Холбоо (ОУАТХ)-ноос хамтран “Үндэсний ТИР семинар” сэдэвт чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн Сайдын Зөвлөлийн хуралдаан (2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэл)-аас олон улсын автотээврийн харилцааг өргөжүүлэх үүднээс Олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн багийн ажлын талаарх Европын хэлэлцээр (AETR), Тээврийн сайд нарын Европын бага хурал (ECMT)-ын протокол, Олон улсын авто даатгагчдынкартын систем буюу “Ногоон картын систем” зэрэг олон улсын гэрээ, конвенцийг судлах, нэгдэн орох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох  үүрэг даалгаварыг тус яамны холбогдох газар, хэлтсүүд болон харьяа байгууллагуудад үүрэг болгосон.

Зам тээврийн хөгжлийн Сайдын Зөвлөлийн хуралдаанаас өгөгдсөн үүргийн хэрэгжилтийг хангах үүднээс тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас автотээврийн салбарын олон улсын гэрээ, эрх зүйн чиглэлээр чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн саналыг бэлтгэн, НҮБЕЭЗК болон ОУАТХ-д хандан дэмжлэг хүссэн.

Уг хүсэлтийг хүлээн авч НҮБЕЭЗК-ийн Тээврийн газрын дарга ноён Konstantinos Alexopoulos, тус газрын тээврийн мэдээллийн мэргэжилтэн ноён André SCEIA (Ph.D.), ОУАТХ-ны шинжээч ноён Vikentyev, Viacheslav, Европын Холбооны шинжээч, Турк Улсын Худалдаа, гаалийн яамны ажилтан ноён Anil EVMEZ нар хүрэлцэн ирж, Тээврийн хэрэгслийн багийн ажил амралтын горим, Тээврийн хэрэгслийн даатгалын ногоон картын систем, ТИР тээвэрлэлт, eTIR чиглэлээр сургалтыг зохион байгуулж, Монгол Улсын нэгдэн орсон ТИР Конвенцийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах, хөгжүүлэх, Олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн багийн ажлын талаарх Европын хэлэлцээр (AETR), Олон улсын авто даатгагчдын картын систем буюу “Ногоон картын систем”-д нэгдэх шаардлага, боломжийн талаар мэргэжил арга зүйн зөвлөмжүүдийг өгч ажиллав.

“Үндэсний ТИР семинар” сэдэвт чадавхийг бэхжүүлэх сургалтад Зам тээврийн хөгжлийн яам, Гаалийн Ерөнхий газар, ЗТХЯ-ны харьяа Далайн Захиргаа, ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, “Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо” (NARTAM), Карпорт ХХК, Их говийн жим ХХК, Хар анар ХХК, Монтир ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 35 хүн оролцож, автотээврийн салбарын олон улсын гэрээ, эрх зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүллээ.

Мөн дээр дурдсан олон улсын байгууллагын мэргэжилтэн, шинжээч нараас Монгол Улс нэн тэргүүнд Олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн багийн ажлын талаарх Европын хэлэлцээр (AETR) болон Олон улсын авто даатгагчдын картын систем буюу “Ногоон картын систем”-д нэгдэн орох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг бидэнд албан ёсоор мэдэгдлээ.

Уг сургалтаас харахад автотээврийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулах, тээвэр зохион байгуулалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал, тээвэрлэлтийн бичиг баримт, тэдгээрийн ашиглалт, жолоочийн ажил, амралтын зохицуулалт, даатгалын тогтолцоог автотээврийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр олон улсын болон дотоодын түвшинд чадавхийг бэхжүүлэх сургалт, семинаруудыг зохион байгуулах шаардлага, хэрэгцээ их байна.

Тээврийн байгууллагын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Үндэсний ТИР семинар” сэдэвт чадавхийг бэхжүүлэх сургалтыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн хамт олон, “Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо” (NARTAM)-ны хамт олон болон олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй тээвэрлэгч байгуулагууддаа талархсанаа илэрхийлье.

Зам тээврийн хөгжлийн яам

“Үндэсний ТИР семинар”сэдэвт чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх