Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2019/06/06
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт төмөр замчид аа, сэтгэл зүтгэл нэгт нөхдөө! Та бид эх орны бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн түшиж, тулах нэгэн томоохон багана байхын төлөө зүтгэсээр өдгөө далан жилийн босгоор даваад байна. Тэртээх 1949 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр энэ айлын гэрэлт намтар, гэгээн үйлс эхэлсэн түүхтэй. Тээр нэгэн цагт жингийн цуваа сар өдрийг ачаалан түүчээлдэг асан тал дундуур ган зам зурайж, орчин цагийн хөгжлийг илчит тэргээр буухиалан богино хугацаанд авчирч байгаа нь өдгөө монголчууд бидний бахархал билээ. Алдах эрхгүй үүрэг хариуцлагаа үүрч, 70 жилд бид эх орны бүтээн байгуулалт, эдийн засгийн нэгэн том хөшүүрэг байсаар ирсэн. Өдгөө техник технологийн хөгжил дэвшил асар хурдтай хөгжихийн хэрээр орчин цагтай хөл нийлүүлэн алхах зүй ёсны шаардлага ч бидний өмнө байнга тулгарсаар байна. Энэ бүхнийг салбарын эрдэмтэн мэргэд, туршлагатай ажилчдын мэдлэг боловсрол, халуун сэтгэлээр гүйцэтгэж ирснийг онцлон дурдах учиртай. 
Өнөөдөр Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 81 жилийн ой тохиож байгаа бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр бидэнд түүчээлэн ирж байна. Хүний 70 нас гэдэг өндөр хэдий ч төмөр зам хэмээх их айлын хувьд идэр залуухан, ид хийж бүтээхийн хүсэл оргилж яваа нас. Өдгөө далан насны өндөрлөг дээрээс харахад 1987 онд Багануур-Улаанбаатарын хооронд төмөр замаар 5300 тонн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоож байсан бол өнөөдөр жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болтлоо өргөжин, тэлсэн байна. Одоогийн байдлаар ачаа тээвэрлэлтийн 45 хувийг нүүрс, 37 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд Ази, Европ тивийг холбосон 1950 километр урт төмөр замд 16 мянга гаруй ажилчин орчин үеийн төмөр замыг цогцлоон бүтээж, хөгжүүлсээр иржээ. 
Төмөр замын тээврийн тухай хууль 2007 онд батлагдаж, улмаар 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсанаар салбарын эрх зүйн орчин, баримтлах бодлого, тогтвортой хөгжлийг хангасан юм. 
Бид орчин цагийн дэвшлийг дагасан, эдийн засагт томоохон орон зай эзлэхүйц бүтээн байгуулалтыг гардан хийж буйн тод томруун гэрчүүд болж байна. Тухайлбал, Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн өргөтгөл, илчит тэрэг, вагон угсралт, Мандал-Давааны өртөө хүртэлх уулзваргүй 50 километр төмөр зам, Төмөр бетон дэрний үйлдвэр, Замын-Үүд өртөөнд шилжүүлэн ачих цогцолборыг бүтээн байгууллаа. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбогдох 27 километр урт төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг дурдахад бидний ажлын цар хүрээ харагдана. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурлаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг дизель түлшний импортын онцгой албан татвараас чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг амжилт бүтээлээр дүүрэн ойгоо угтаж байна. 
Төмөр замыг бүтээн байгуулахад Оросын ард түмний оруулсан хувь нэмэр, ач тусыг монголчууд үргэлж дурсан санаж, талархаж явахаа нийт төмөр замчдын болон Монголын ард түмний өмнөөс илэрхийлж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч нь болж ирсэн Төмөр замчид та бүхэндээ өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа улам бүр бататгаж, ирээдүйд их бүтээн байгуулалтыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэхийн зэрэгцээ нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд, ажил үйлс нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН
ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

Сэтгэгдэл бичих:

Нэмэх