Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Монгол инженер 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

2019/02/18
“Монгол инженер 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн  үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Зам тээврийн хөгжлийн яамнаас төрийн болон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн мэдлэг, туршлагыг солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инженерийн зохион бүтээх ажил, инновацийн бүтээл, инженерчлэлийн оновчтой шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор “Монгол инженер 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэнг ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Механик тээврийн сургуулийн захирал, доктор Д.Цолмонбаатар нар нээж үг хэлж, оролцогчдод амжилт хүсэн хурлын ажиллагааг эхлүүллээ.

Эрдэм шинжилгээний хуралд Зам тээврийн хөгжлийн яам, Механик тээврийн сургууль, Хөдөө Аж Ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “АТҮТ” ТӨҮГ,  Оюу толгой ХХК, Вагнер Ази, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, эрчим хүч, металлурги, засвар, техникийн үйлчилгээ, тээвэр логистикийн менежмент, ногоон технологийн чиглэлээр 60 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн үзэсгэлэнг танилцууллаа.

Шилдэг илтгэгчийн I байрын шагналыг “Нэгэн төрлийн хатуу биетийг аэродинамик аргаар ялгах процессын симуляци” өгүүллээр ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн докторант П.Өлзийсайхан, Намнан (Ph.D), Д.Энхбат (Ph.D), II байрын шагналыг "Рапсын үр бүрэх технологи ажиллагааг харьцуулсан үр дүн" өгүүллээр ХААИС-ИТС-ийн судлаач Д.Түвшинжаргал, Б.Баатархүү (Ph.D),  III байрын шагналыг "Хөдөө аж ахуйн машин-тракторын засвар, техникийн үйлчилгээний оновчтой тогтолцоог тогтоох судалгаа" өгүүллээр ХААИС-ИТС-ийн судлаач Л.Лхагвасүрэн, Г.Гантулга (Ph.D), профессор Ж.Түмэн (Ph.D) нар тус тус хүртлээ.

Шилдэг ханын илтгэлээр “Шувуу үргээх төхөөрөмжийн судалгаа” Д.Ганболд, магистр MSc; Д. Баатархүү, доктор Ph.D; Ж.Амгаланзул, магистр MSc; Б.Мөнх-Эрдэнэ, магистр MSc шалгарсан бол шилдэг бүтээлээр Н.Мөнхзулын "Автомашины резин дугуйн материалын хий нэвчилтийг турших багаж” бүтээл шалгарлаа.  

Хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Эрдэм шинжилгээ, инновацид суурилсан зам тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, хаалтын үг хэлж, идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэхийн зэрэгцээ 2019 оны 04 дүгээр сард яамнаас зохион байгуулах Зам тээврийн салбарын инженерүүдийн улсын анхдугаар зөвлөгөөнд инженерүүдийг оролцохыг албан ёсоор урилаа.

Мөн эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцсон шилдэг инженерүүдэд Зам тээврийн хөгжлийн яамны бэлэг дурсгалын зүйл, шагнал урамшуулал олголоо.

Оюу толгой ХХК, Вагнер Ази зэрэг бизнесийн байгууллагуудын зүгээс мөн шилдэг инженерүүдийн илтгэл, бүтээлийн ажилд шагнал урамшуулал олгож, дэмжин ажиллалаа.

Хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ болон инженерүүдийн илтгэл, бүтээлээс харахад улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон гарц шийдлүүд яригдаж байна. Энэ нь инженерийн суурь боловсролыг зөвхөн их дээд сургууль хариуцан олгодог механизм өөрчлөгдөж, их дээд сургууль, бизнесийн байгууллагууд ирээдүйн инженерүүдийг онол, практикийн түвшинд  хамтран бэлтгэж байгаатай шууд холбоотой юм.

Иймээс улс орны хөгжлийг тодорхойлогч инженерүүдийн үнэлэмж улам бүр нэмэгдсээр байна. Монгол улсад хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг инженерийн чиглэлийн мэргэжил тэргүүлж байна.

“Монгол инженер 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх