Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

2018/12/17

Шинэ нисэх буудал барих үндэслэл ба зорилго:

Үндэслэл

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд учирч буй хүндрэлүүдийг бүрэн шийдвэрлэхийн  тулд шинэ нисэх буудал барих шаардлага тулгарсан. Үүнд:

  • Уулын саадаар хязгаарлагдсан  тул хоёр талаасаа хөөрч буух зурвас, нэмэлт зурвас төлөвлөх зай талбайгүй
  • Аэродромын хөөрч буух зурвас Олон улсын иргэний агаарын тээврийн шаардлага болох 1%-ийн налуутай байх ёстой гэсэн шаардлагад тэнцэхгүй
  • Өмнө болон баруун өмнө зүгээс том оврын онгоц буух боломж байхгүй
  • Улаанбаатар хотын утаанаас хамаарч өвлийн улиралд нислэг саатдаг
  • Зорчигчийн терминалын хүчин чадал хүрэлцэхгүй болсон

Төслийн үндсэн зорилго

  • Одоогийн нисэх буудлын үйлчилгээнд тулгарч буй хүндрэлийг арилгах
  • Нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлэх
  • Агаарын тээвэрлэлтийг тогтворжуулах
  • Эдийн засгийн өсөлт,  хөгжлийг дэмжих

 

Төслийн үр дүн

Төсөл хэрэгжсэнээр одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлийг арилгаж, зурвас ашиглалтыг 73 хувиас 98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2.3 хувиас 0.5 хувь болгож бууруулах боломжтой юм. Түүнчлэн иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор хангагдах юм.

 

Байрлал сонгох шалтгаан:

  • Хоёр талын буулттай зурвас төлөвлөх боломжтой
  • Эргэн тойрондоо өндөрийн саадаас чөлөөтэй
  • Тэгш уудам хөндий тул газар шорооны ажлын хэмжээ бага
  • Хөрсний мөнх цэвдэггүй
  • Эрчим хүч, холбооны шугамтай холбогдоход дөхөм
  • Улаанбаатар хотод харьцангуй ойрхон
  • Дагуул хот төлөвлөх боломжтой
  • Авто зам, төмөр зам холбогдохоор төлөвлөгдсөн

 

Нисэх онгоцны шинэ буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, 42 мгватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний  барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан суваг, инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1,8 км урт цутгамал хонгил зэрэг 30 гаруй барилга байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөгдсөн.

 

Төслийн бүтээн байгуулалтын үндсэн гэрээнд багтсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлууд дуусаж Улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

 

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иений хөнгөлөлттэй Зээлийн гэрээ /MON-P8/-г 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Мөн иж бүрэн нисэх буудлын цогцолборыг барихад дутагдаж буй хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд /MON-P12/-г 36.8 тэрбум иений зээлийн гэрээ байгуулж, Монгол Улсын Их Хурал 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталснаар төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдсэн юм.

 

Зээлийн нийт дүн 65.6 тэрбум иен, 40 жилийн хугацаатай бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Эхний зээлийн гэрээний жилийн хүү 0.2 хувь байсан бол нэмэлт зээлийн гэрээний хүү жилийн 0.1 хувь болон буурсан. Зөвлөх үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн зээлийн гэрээний хүү 0.01% болно.

 

Энэхүү зээлийн үлдэгдэл хөрөнгөөр нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд нэн шаардлагатай болоод буй Ангарын барилгыг санхүүжүүлэх шийдвэр гарч барилгын ажлыг 2018 оны 06 дугаар сараас эхлүүлээд байна.

 

Бүтээн байгуулалтын ажлын оргил үед 60 орчим туслан гүйцэтгэгч компанийн дунджаар нэг өдөрт 2700 орчим ажилтан оролцож байсан. Эдгээр компаний 70 гаруй хувь нь Монгол Улсын дотоодын аж ахуй нэгжүүд төдийгүй дээрх 2700 орчим ажилтнаас 85 хувь нь Монгол Улсын иргэд байсан нь эдийн засгийн хүндрэлтэй  цаг үед иргэдийг ажлын байраар хангахад зохих хэмжээний хувь нэмэр болсон юм.

 

Мөн тус төсөл дээр гадаадын арав гаруй улс орны инженер техникийн ажилтнууд монгол ажилтнуудтай мөр зэрэгцэн ажилласан нь харилцан туршлага солилцохын зэрэгцээ өндөр хөгжилтэй орны мэргэжилтнүүдээс суралцах таатай боломжийг олгосон болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" 166 дугаар захирамжаар "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал"-ын үйл ажиллагааг эхлүүлж, ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн түвшинд авах арга хэмжээний төлөвлөгөөг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Шадар сайдаар батлуулан 7 хоног бүр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн холбогдох шийдвэр гарган төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй “Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилга”, “Захиргааны барилга”, “Аэродромын үйлчилгээний барилга”-ын ажлын гүйцэтгэл 89.2%-тай байгаа ба Захиргааны барилгын ажил дууссан улсын комиссс хүлээж аваад байна.

Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийг хурдны авто замаар холбох ажил БНХАУ-ын Экзим банкны зээлийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын China Tiesiju Civil Engineering компани төлөвлөгөөний дагуу ажиллаж 93%-ийн гүйцэтгэлтэй байна.          

“УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫН МЕНЕЖМЕНТ ТӨСӨЛ”-ТЭЙ ХОЛБООТОЙ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ТАЛААР

 

Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6 дугаар зүйлийн 6.1.1-т “Шинээр барих олон улсын нисэх буудлыг Зүүн Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулна”, 6.1.6-д “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон улсын шинэ нисэх буудлын нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх” зэрэг бодлого, зорилтыг тодорхойлсон. Шинэ нисэх буудлын менежментийг хэрхэн хэрэгжүүлэхээс цаашдын үйл ажиллагаа, урт хугацааны эдийн засгийн үр өгөөж хамаарах юм.

 

Шинэ нисэх буудлын ашиглалт, техник үйлчилгээг олон улсын өндөр түвшинд гүйцэтгэхэд хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, тогтвортой удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэхээр Японы Олон улсын хамтын ажиллагааны, Зам, тээврийн яам /хуучин нэрээр/ хооронд Санамж бичгийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үзэглэсэн.

 

Техникийн туслалцааны хүрээнд хийлгэсэн менежментийн бүтцийн хувилбарын судалгааны дүнд нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой гэж үзсэн ба санал дүгнэлтийг тухайн үед Засгийн газарт танилцуулсан. Мөн дээрх судалгааг хөндлөнгийн байгууллагаар давхар хийлгэх нь зүйтэй гэж үзсэний дагуу Франц Улсын “Egis” компаниар хийлгэхэд Япон компанийн дүгнэлттэй ижил концессын гэрээ нь хамгийн өгөөжтэй хувилбар гэж үзсэн болно.

 

“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна.  Засгийн газар уг судалгааны үндсэн дээр нисэх онгоцны шинэ буудлын менежментийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, менежментийг хэрэгжүүлэхээр санал тавьсан Япон Улсын консорциумтай / Mitsubishi Corporation, Narita International Airport Corporation, JALUX Inc., Japan Terminal Co.,Ltd/ хэлэлцээг хийж байна. 

 

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хувийн хэвшил хариуцсанаар агаарын тээвэрлэгчдийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдүүлэх, нисэхийн бус орлого нэмэгдүүлэх, зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн шинэ нисэх буудлын бизнесийн үнэ цэнийг өсгөх менежментийн загварыг бий болгох боломжтой. Мөн барилгын ажлыг санхүүжүүлсэн Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос гүйцэтгэх боломж харагдаж бүрдэх юм.

 

Иймд Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-Ашиглах-Шилжүүлэх” төрлөөр Концессын шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

 

 “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхэд дараах 3 гэрээг  Монгол Улс, Японы консорциумтай байгуулахаар ажиллаж байна.

 

Түншлэлийн гэрээ

 

Засгийн газрын 2017 оны 322 дугаар тогтоолоор хамтарсан хуулийн этгээдийн Япон талд ногдох хувийг 51, Монголын талд ногдох хувийг 49 байхаар шийдсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаар тушаалаар Түншлэлийн гэрээ байгуулах Ажлын хэсгийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК төлөөлөл Японы консорциумтай 2018 оны 11 сард гэрээг байгуулсан.

 

Хувьцаа эзэмшигчдийн гэрээ

 

Концесс эзэмшигчийг байгуулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар тушаалаар Хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Одоогоор гэрээний хэлэлцээ дуусах шатанд ороод байгаа бөгөөд Концессын гэрээнээс шалтгаалан шийдвэрлэх зарим  асуудлуудыг (хувьцаа шилжүүлэх, хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх, талуудын хувьцаа эзэмшигч солигдохгүй байх) эцэслэн шийдвэрлээгүй байна.

   

 Концессын гэрээ

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, удирдамжийг батлуулсан.

Ажлын хэсэг нь Ерөнхий сайдын захирамжид заасан удирдамжийг чиглэл болгон Японы консорциумтай хэлэлцээрийг хийж байна.

Монголын талаас концессын гэрээний төслийг боловсруулан Японы консорциумд хүргүүлсний дагуу Японы талаас гэрээний төсөлд оруулах саналаа 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлээд байна. Талууд гэрээний төслийг эцэслэн боловсруулж дуусахаар ажиллаж байна.

Ажлын хэсэг японы консорциумтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл концессын болон хувьцаа эзэмшигчийн гэрээний хэлэлцээг амжилттай хийж байна. Тус хэлэлцээрээр зарчмын гол асуудлуудаар талууд саналаа нэгтгэн ажиллаж Монгол Улсын Ерөнхий сайдын 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсад хийх айлчлалын үеэр талууд концессын гэрээний талаар хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөн ажиллаж байна. Талууд  2019 оны 1 дүгээр сард багтаан концессын гэрээг байгуулах зорилт тавин ажиллаж байна.

   

 

“УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх