Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар зөвлөлдлөө

2014/06/10
Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар зөвлөлдлөө

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Латви Улсад зохион байгуулагдсан “Ази, Европыг холбосон тээвэр, логистик, худалдааны замналууд” сэдэвт өндөр хэмжээний бага хурал, болон Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын ээлжит 42 дахь удаагийн зөвлөгөөнд тус тус оролцлоо.

 

            Дэд сайд Х.Ержан Рига “Ази, Европыг холбосон тээвэр, логистик, худалдааны замналууд” сэдэвт бага хуралд оролцож Монгол Улсын  тээврийн салбарын хөгжлийн талаар мэдээлэл хийж Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, авч хэрэгжүүлж буй бодлого, хэтийн төлөвийн талаар төлөөлөгчдөд танилцуулав.

Балтийн тэнгисийн бүсийн улсууд болох Латви, Литва, Эстони зэрэг улсууд нь газар зүйн байршлын хувьд Баруун, Төв болон Зүүн Европ, мөн Хойд Европ буюу Скандинавын хойгийн улсуудыг ОХУ, Төв Ази болон БНХАУ-тай холбосон гол түшиц газар бөгөөд тээвэр, логистикийн сүлжээ, боомтын дэд бүтэц өндөр хөгжсөн, транзит тээврийн үйл ажиллагаанаас улсын төсвийн багагүй хэсгийг бүрдүүлдэг байна. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрээр Ази, Европыг холбосон дөт замуудын нэг дайран өнгөрдгийн хувьд эдгээр улсуудтай цаашид транзит тээвэр, логистик, боомтын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах нь чухал юм.

Түүнчлэн Зам, тээврийн дэд сайд Х.Ержан Литва Улсын Вильнюс хотод ажиллаж Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын ээлжит 42 дахь удаагийн зөвлөгөөнд оролцож, ТЗХАБ-ын гишүүн болох 20 улсын сайд, бүрэн эрхт төлөөлөгчид болон төмөр замын чиглэлийн олон улсын байгууллагууд оролцож ТЗХАБ-ын үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын гаргасан санаачилгын дагуу дараагийн хуралдааныг ирэх оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

Дэд сайд Х.Ержан Вильнюс хотноо ажиллах хугацаандаа Литва Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Римантас Синкявичус, дэд сайд Владислав Кондратович нартай уулзаж хоёр улсын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн яам, Литва Улсын Тээвэр, харилцаа холбооны яам хооронд Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.

Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар зөвлөлдлөө  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх