Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Агаарын тээврийн либералчал, иргэний нисэхийн салбарын шинэчлэл” зөвлөгөөний зөвлөмж

2018/06/14

Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын агаарын­­ тээвэрлэгчдийн холбоо /ИАТА/, Иргэний нисэхийн ерөнхий газар, холбогдох агентлаг, иргэний нисэх, аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан зохион байгуулсан Зөвлөгөөнд оролцогчид бид

Монгол Улсад агаарын тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлаж буй бодлогын хэрэгжилт, агаарын тээврийн либералчлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөж, энэхүү зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:  

Нэг. Эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ:

  • Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийг шинэчлэх хүрээнд ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийг дэмжих, агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх, олон улсын болон орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, өргөжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх Иргэний нисэхийн хөгжлийн сан байгуулах, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, үйлчилгээний чиг үүргийг тусгаарлах бүтцийн өөрчлөлт хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  • Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах, агаарын харилцааны либералчлалыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;
  • агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс хангах татварын орчинг бүрдүүлэх;  
  • орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ, орон нутгийн нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт хийх;
  • “МИАТ” ТӨХК-ийн өмчлөлд төрийн өмчийн оролцоог бууруулах, улмаар хувьчлах шийдвэр гаргах;
  • Иргэний нисэхийн дүрмийн шинэчлэлтийг эрчимжүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацааг багасгах, ил тод болгох, хялбаршуулах;
  • “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэх.

Хоёр. Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Иргэний нисэхийн салбарт бүтцийн шинэчлэлт хийх;
  • Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • Иргэний нисэхийн ерөнхий газар, агаарын тээврийн компаниуд хооронд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх;
  • Агаарын тээвэр, аялал жуучлалын салбар хоорондын хөгжлийн уялдаа холбоо, бизнесийн хамтын хүчин чармайлтыг дэмжих зохицуулалт хийх;
  • Өмнөговь, Ховд, Дорнод аймгийн нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэн хэрэгжүүлэх;
  • Агаарын тээврийн компанийн менежментийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлж аяллын дугаар хуваан ашиглах, борлуулалтын сүлжээ, газрын үйлчилгээ, агаарын хөлгийн засвар үйлчилгээний зардлыг хамтын ажиллагааны хүрээнд бууруулах;
  •   Иргэний нисэхийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгцээг тодорхойлж, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
  •   Иргэний нисэхийн судалгаа, шинжилгээний төв байгуулан ажиллуулах;
  •   Нисэхийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих.

Гурав. Аялал жуулчлалын чиглэлээр:

  • Улирлын хамааралгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөх;
  • Аялал жуулчлалын чиглэлийг нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөх;
  • Жуулчин тээврийн нислэгийг тогтворжуулахад чиглэсэн татварын бодлого, зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх;
  • Зам, тээвэр болон аялал жуулчлалын салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, идэвхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх.

Дөрөв. Агаарын харилцааны либералчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр:

  • Хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд агаарын харилцааны либералчлалыг хэрэгжүүлж, ОХУ, БНТУ, БНСУ-тай баримтлах агаарын харилцааны бодлогын хувьд зохистой харьцааг бүрдүүлэх;
  •   БНХАУ-тай хоёр улсын хоорондын нислэгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан уян хатан байхаар зохицуулах;
  •   Аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлэх.

Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалын болон бусад салбарын хөгжилд дэмжлэг болгох, тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг хүлээн зөвшөөрч, агаарын харилцааг либералчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулахад чиглэсэн тодорхой шийдвэр гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогч бид зөвлөмж болгож байна.

“АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ,

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ”

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

“Агаарын тээврийн либералчал, иргэний нисэхийн салбарын шинэчлэл” зөвлөгөөний зөвлөмж  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх